Оюутнуудыг эерэг хандлагад уриаллаа

2019-10-16

Б.ДОЛЖИН

Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдлаа. “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран гурав дахь жилдээ өрнүүлж байна. Энэ аян нь төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэд болгон төлөвшүүлэх зорилготой. Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвд байгаа өсвөр насны хүүхдүүдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, “Жигүүр гранд”, “Таван толгой түлш” компанийн албан хаагчид, “Нархан” сургуулийн сурагчид нийт 7000 гаруй иргэд хамрагдаад байна. Мөн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршууллаа.

 “Нийслэлийн иргэний 10 зөв дадал

  1. Эерэг хандлагатай иргэд байцгаая
  2. Эелдэг харилцаатай иргэд байцгаая
  3. Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
  4. Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
  5. Бүтээлч, санаачилгатай, оролцоотой иргэд байцгаая
  6. Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
  7. Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
  8. Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
  9. Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
  10. Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ