А зэрэглэлийн хөлбөмбөгийн талбайтай боллоо

2019-10-17

Б.ДОЛЖИН

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн дөрөв дэх тоглолтоо хоёр хоногийн өмнө Киргизтэй хийж эн тэнцүү тоглосон ч 1:2 харьцаагаар хожигдсон. Өөрийн орны талбайд хийсэн тоглолтод ялагдал хүлээсэн нь Монголын багаа дэмжихээр ирсэн үнэнч фанатуудыг гонсойлгосон. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд өчигдөр нэгэн шинэ хуудас нээсэн нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиногийн айлчлал байв. Тэрээр анх удаа ерөнхийлөгчийн хувиар манай улсыг зорьж ирсэн нь энэ юм. Өмнө нь 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Мишель Платинигийн хамт Монголд ирж байжээ. Түүнтэй хамт Францын шигшээ багийн тоглогч, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф ирсэн нь онцлох үйл явдал байлаа. Тэд “FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцож, тууз хайчилсан нь ОУХБХ-ны ерөнхийлөгчийн айлчлалын чухал хэсэг байсан юм. Энэ хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын хөлбөмбөгийн холбооны байранд айлчлан “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагааны зорилттой танилцлаа. Тэрээр холбооны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгч, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдсаныг сайшаан цаашид битүү дээвэртэй хөлбөмбөгийн цэнгэлдэх барих талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ