38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt-аар төлдөг боллоо

2019-10-16

С.САРУУЛ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм.  Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна.

Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк “Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан.

Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг.

Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж байгаа юм.

Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой.

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ