Маргарет Этвуд, Бернардин Эваристо нар Букерийн шагнал хүртэв

2019-10-16

Маргарет Этвуд © Arthur Mola/Invision/AP

Өмнө нь энэ шагналыг хүртэж байсан Салман Рушди 2019 оны шагналд өрсөлдөгчдийн нэг байлаа-

Д.ЭНХЭЭ

Канадын болон Их Британийн зохиолч эмэгтэй Маргарет Этвуд, Бернардин Эваристо нар 2019 оны утга зохиолын Букерийн (Booker prize) шагналыг хүртжээ.

Шагналд нэр дэвшигчдийн “товч жагсаалт”-д багтсан зохиолчдоос нэг дор шууд хоёр зохиолчийг шагнах тухай шүүгчдийн ердийн бус шийдвэрийг даваа гаригийн орой Лондонд шагнал гардуулах ёслолын үеэр зарлан мэдэгджээ.

2000 онд Букерийн шагнал хүртсэн Этвуд энэ жил олны дунд шуугиан тарьж, саявтархан дэлгэцийн бүтээл болсон антиутопи “Үйлчлэгч бүсгүйн яриа” (Рассказ служанки)-ны үргэлжлэл болох “Захиас”-The Testaments (Заветы) хэмээх зохиолоороо дахин нэр дэвшсэн. Эваристогийн хувьд өөрийн найм дахь зохиол болох “Охин, эмэгтэй, бусад” (Girl, Woman, Other “Девушка, женщина, все остальное”) хэмээх гэр бүлийн намтрын товчоогоор (семейная сага) нэр дэвшсэн.

“Нэр дэвшигчид, шагналтнуудыг тодруулахын тулд бүтэн арван сарын турш үргэлжилсэн үйл явц гайхалтай адал явдлаар дүүрэн байсан. Өнөөдөр бид (бусад шүүгч нар) нэр дэвшсэн номуудын талаар таван цагийн турш хэлэлцлээ. Аль нэгийг нь онцолж сонгох боломжгүй хоёр ном байлаа. Эдгээр ном олон үеийнхний туршид хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэж, уншигчдад жинхэнэ таашаал хүртээх болно” хэмээн шүүгчдийн зөвлөлийн дарга Питер Флоренс хэлжээ.

Этвудын романы үйл явдал “Үйлчлэгч бүсгүйн яриа”-нд өгүүлсэн үйл явдал дууссанаас хойш 15 жилийн дараа өрнөнө. Экологийн сүйрэл амссан Америкийн Нэгдсэн Улсад христийн фундаменталистууд хэд хэдэн хэсэгт тарж бутарсан эмэгтэйчүүдийг дарлан зовоож байгаа зэрлэг балмад ертөнцийн тухай шинэ түүхийг зохиолч эмэгтэй зохиолынхоо гурван баатрын өмнөөс өгүүлдэг. Уншигч, шүүмжлэгчид халуун дотноор хүлээн авсан “Захиас” роман эхний боть нь хэвлэгдсэнээс хойш 34 жилийн дараа энэ оны есдүгээр сарын 10-нд худалдаанд гарсан аж.

Эваристогийн романд Их Британи дахь Африк болон Карибын тэнгисийн сав газрын гэр бүлээс гаралтай, ололт амжилтад хүрсэн хийгээд нийгмийн ёроолд унасан эмэгтэйчүүдийн амьдрал ахуйн талаар өгүүлдэг. Нигерийн цагаач ажилчин аавтай, багш мэргэжилтэй англи ээжтэй гэр бүлд төрж өссөн зохиолч эмэгтэйн хэлснээр тэр өөрийн номоороо Нэгдсэн Вант улс дахь “африк хүмүүсийн нуугдмал амьдралыг судлах”-ыг хүссэн ажээ.

 Шагналд нэр дэвшсэн бүтээлүүд

 Букерийн шагналыг өмнө нь нэгэнтээ хүртэж байсан Салман Рушди өөрийн роман дахь роман – Кихот Quichotte (“Кихот”) бүтээлээрээ энэ жилийн шагналд мөн нэр дэвшсэн.

Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад нигер зохиолч Чигози Обиома “Цөөнхийн оркестр” An Orchestra of Minorities (“Оркестр для меньшинств”) романаар, турк эмэгтэй Элиф Шафак “Гайхмаар ертөнцөд өнгөрүүлсэн 10 минут, 38 секунд” 10 Minutes 38 Seconds in This Strange World (“10 минут и 38 секунд в странном мире”) номоор, Шотландад амьдарч байгаа америк эмэгтэй Люси Эллман “Нугас, Ньюберипорт”, Ducks, Newburyport (“Утки, Ньюберипорт”) романаар тус тус орсон байна.

Шагналын мөнгөн дүн нь 50 мянган евротой тэнцэх ажээ.

Эх сурвалж: polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ