Геологич Б.Батын онцлох 10 эшлэл

2019-10-16

Б.Намуунтамир

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн дэд профессор Б.Батыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна.

-Манайд уул уурхайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, олборлолтын үйл ажиллагаа явуулахад  техник технологи илт хоцрогдсон байна. Энэ хамгийн том асуудал. Техник, технологитой холбогдоод байгаль, орчин нөхөн сэргээлтийн асуудал яригддаг.  Тиймээс  уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ Засгийн газрын зүгээс хамгийн тэргүүнд техник технологийг  сайжруулж, инновацийг хөхүүлэн дэмжих  шаардлагатай байна.

-Импортоор бид их хэмжээгээр хүнс, хувцас, боловсруулсан төмөр, бензин тос,  барилгын материал оруулж ирдэг (бүр цахилгаан эрчим хүч худалдан авдаг).  Харин хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн шинэ технологи, техник огт орж ирэхгүй байна. Хамгийн түрүүнд шинэ технологийг ямар ч үнээр болов импортлоод ирвэл бид эх орондоо дээрхийг бүгдийг нь үйлдвэрлэж болно доо.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр л гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаад, техник технологиор нь хангаад өгчихвөл Монгол Улсын хэмжээнд баригдаж байгаа бүхий л байшин барилгуудын төмрийн хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүнийг чанартайгаар үйлдвэрлэж чадна. Тэр бүү хэл эрэлт хэрэгцээгээр нь бүтээгдэхүүнээ экспортоор гаргах боломж бий, төмрийн түүхий эдийн нөөц нь манайд хангалттай байгаа.

-Гаднаас түүхий эд  өндөр үнэтэй  авалгүйгээр бүгдийг эх орондоо үйлдвэрлэх боломж бололцоо манай улсад хангалттай бий. Энэ бол маш том асуудал юм.  Түүнчлэн бид өнөөг хүртэл ашигт малтмалыг зөвхөн олборлогч улсын байр сууринаас дэлхийн эдийн засагт оролцож ирсэн. Олборлогч улсаас гадна үйлдвэрлэгч улс болох ёстой.

– Монгол Улсын хэмжээнд эрдэс баялгийн нөөц бүрэн судлагдаагүй гэж хэлж болно. Судлах ёстой асар их нөөц, шинэ ордууд байгаа.

-Хятад, Австрали зэрэг орон өөрсдийн газар нутгаас зарим ашигт малтмалуудыг (эрчим хүчний нүүрс зэрэг) олборлохоос татгалзаж байна. Нүүрс шатааж хүрээлэн буй орчинд нөлөөлсөөр дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг технологи одоо хоцрогдсон. Манай улс энэ их нүүрсээ яах вэ гэхээр дахиад л шинэ технологи ашиглан шингэрүүлсэн түлш гаргаж авах хэрэгтэй болно.

-Манайд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэхэд түүнийг түшиглэсэн дагавар хотуудыг шинээр байгуулахыг эрмэлзэж байна. Энэ буруу бодлого. Тухайн уурхайн нөөц ашиглагдаад дууссан үед тэнд асар их үнээр боссон хотыг яах вэ гэдэг асуудал тулгарна.

-Уул уурхай нь хөгжсөн улсууд хэзээ ч уурхайгаа түшиглэн хот байгуулдаггүй. Уурхай дагаж хөгжих том хот гэж байхгүй. Өнөөдөртөө хөгжөөд байгаа юм шиг хэрнээ хойшдоо асар олон тэрбум төгрөгийг булшилж байна гэсэн үг. Манай улс голланд өвчин тусчихмааргүй байна.

-Орон нутгийн иргэдийн буруу ойлголттой холбоотой геологи, уул уурхайн үйл ажиллагааг хаах, боох, явдал ихэссэн. Уул уурхай болон геологийн судалгаа гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Геологичид гэдэг бол газрын гадарга дээр судалгаа хийж, газрын гүн дэх байгалийн баялгийг илрүүлдэг. Дараа нь ашигт малтмалын орд болгоод нөөцийг нь улсын эрдэнэсийн санд бүртгүүлдэг.

-Замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг зохицуулах нь зөв. Яагаад гэвэл зарим нэг тусгай зөвшөөрлүүд нь цөөн тооны үл бүтэх этгээдээс болж зарж борлуулах,  мөнгө олох хэрэгсэл болж хувирсан гашуун түүхтэй. Нөгөөтэйгүүр жинхэнэ орд газрыг хайх, мэргэжлийн компаниуд хоморгонд нь өртсөн тохиолдол мөн цөөнгүй бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ