НОБГ: Сайжруулсан түлшний аюулгүй байдлыг 220 мянган өрхөд таниулсан

2019-10-15

Б.ГҮНЖИД

Нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй

Нийслэлийн хэмжээнд өчигдөр угаарын хийд хордсон гэх долоон дуудлага бүртгэгдэж,13 иргэн эмнэлэгт хандсан бөгөөд өнөөдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд дуудлага ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар дуудлагын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан. Энэ сарын 3-15-ны өдрүүдэд 135 удаа 306 иргэн дуудлага өгсөн. Үүнээс 124 хүүхэд, 182 насанд хүрэгсэд эмнэлэгийн тусламж авсан. Мөн 25 насанд хүрэгсэд, долоон хүүхэд хэвтэн эмчлүүлж 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ өгч ажилласан байна. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ болон зуухны галлагааны аюулгүй байдлын талаар зөвлөмжийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүргэж ажилласан. Үлдсэн айлуудын хаяг дээрээ байхгүй нүүсэн эзэнгүй шалтгаантай байна. Өчигдөр нас барсан эмэгтэйг угаарын хийнээс болсон үгүй нь  тогтоогдоогүй. Хамт байсан 60 орчим настай аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан гэлээ.

-НМХГ-ын дэд дарга С. Даваасүрэн

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Гаалийн төв лаборатори, НМХГ-ын газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лабораторийн цацрагийн хяналтын лаборатори,Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын төв лаборатори болон Хийн технологийн лаборатори гэсэн таван газраар шинжлүүлсэн. Шинжилгээний хариугаар сайжруулсан шахмал түлш аюулгүй гэсэн хариу гарсан. Лабораторийн шинжилгээний дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Харин ОБЕГ-аас энэ шинжилгээнүүдийн дүнг баталгаажуулах үүднээс гадны хэд хэдэн оронд дахин шинжлүүлэхээр явуулсан байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Мөн түлшний утаа гадаад орчинд гарахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй. Угаарын хийнд хордож байгаа тохиолдол буруу галлагаанаас болсон  гэдгийг хэллээ.

-НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр

-Угаарын хийн хордлого нь хөнгөн болон хүнд хэлбэрээр явагддаг. Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх шинж илэрдэг. Харин хүнд хэлбэрт нь унтах, таталт өгөх, өтгөн шингэн мэдээгүй гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Бид угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг үзүүлэх талаар бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хороодуудаар иргэдэд сурталчилж байна. Хордлогын төвд тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн төлбөрийн асуудлын тухайд бидэнд тодорхой мэдээлэл байхгүй учраас дараагийн хурал дэр тодорхой мэдээлнэ гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ