Японы Генри Форд Сойчиро Хонда: Миний хүүхэд байхаасаа мөрөөдөж ирсэн нэг хүсэл мөрөөдөл бол өөрийнхөө бүтээсэн машинаар том уралдаанд оролцож түрүүлэх байсан

2019-10-15

Х. ОЮУНБОЛД

Японы автомашины салбарт тэргүүлэгч “Хонда моторс” компанийг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Харин энэ компанийг үүсгэн байгуулсан Сойчиро Хонда (япон нэр нь Текито Тойту) Шизүока  аймгийн  Хамамацү хотод 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд ядуу айлд төржээ. Тэрээр залуугаасаа мотоцикль сонирхдог байсан аж. Мөн түүний аав нь унадаг дугуй засдаг газартай нэгэн байсан гэнэ. Сойчиро Хонда 15 настайдаа “Харт Шокай” автомашины үйлдвэрт ажиллахаар Токио руу явжээ. Түүнээс гурван жилийн дараа онгоцны болон хувийнхаа  сэлбэгийг ашиглан уралдааны машин босгосон байна. Дараа нь 21 настайдаа төрөлх хотдоо мэргэжлийн механикч, компанийнхаа нэг салбарын захирал болж буцаж ирсэн байна. Гэвч тэр даруй бие дааж, машины бүлүүрийн үйлдвэр байгуулсан ч бүтэлгүйтжээ. Дараа нь их сургуульд элссэнээс гадна дахин шинэ үйлдвэр нээсэн байна. Харин 1937 онд Тоёота загварын машины бүлүүрийн бөгж үйлдвэрлэдэг “Токай Сейки” компанийг байгуулжээ. Эх орны II  дайны үеэр 1944 онд Америкийн бөмбөгдөгч В-29 онгоц “Токай” компанийн Ямашита барилгыг сүйтгэж, 1945 онд болсон газар хөдлөлтөөр Итава барилга нурсан байна. Дайны дараа “Хонда Тоёота” компанийнхаа үлдэгдлийг  450 мянган иениэр зараад 1946 оны аравдугаар сард, Техник судалгааны Хонда хүрээлэнг байгуулахад зарцуулжээ. 1948 онд Такео Фужисаватай хамтран дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж устсан машины паркийн оронд мотортой дугуй үйлдвэрлэхийн тулд “Хонда мотор” компанийг байгуулсан байна.

Мотортой дугуй үйлдвэрлэх зорилгоор байгуулсан энэ компани удахгүй дампуурчээ. Учир нь анх ашигласан мотор нь хүнд жинтэй байсан аж. Гэвч Сойчиро  их хөнгөн, хурдтай, дуу чимээ багатай мотор үйлдвэрлэснээр богино хугацаанд амжилтад хүрчээ. Ийнхүү үйлдвэрлэл нь нэмэгдсээр байсан бөгөөд үйлдвэрээ Япон даяар нээсэн байна. Сойчиро  Хонда өөрөө анх загварыг нь гаргаж бүтээсэн А загварын мотортой дугуйг 1951 он хүртэл худалджээ. Харин  1949 онд бүтээсэн Д загварын дугуй нь ган биетэй, хоёр янзаар хурдаа хуваарилдаг жинхэнэ мотортой дугуй болсон аж. Тухайн үед Японы машины инженерүүдийн нийгэмлэг энэ хоёр дугуйг нь Японы технологийн 240 шилдэг бүтээлийн тоонд оруулсан байна. Сойчиро Хонда энэ компанийн захирлын хувьд компаниа олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх дэлхийн хэмжээний шилдэг мотоцикль үйлдвэрлэдэг компанийн тоонд орсон олон улсын компанийн нэг болгожээ. Ингэснээр “Харлей Дэвидсон” болон “Триумп” гэсэн мотоцикль үйлдвэрлэдэг хоёр компанийг  мотоциклийн зах зээлд ялсан байна. Дараа нь компанийн санхүүг шалгуулахаар Такео Фужисаватай гэрээ байгуулсан байна. Энэ нь ч гадаадад салбараа нээж өргөжүүлэхэд тус болсноор 1959 онд АНУ-д анхны салбараа нээжээ. Улмаар  олон улсын уралдаан тэмцээнд ялж эхэлснээр компанийн нэр хүнд нэмэгдсэн байна. Харин 1960 оны эхээр Сойчиро Хонда аж үйлдвэрийнхээ бүх ажиллагааг машины үйлдвэрлэлд зориулжээ. Компанидаа үйлдвэрлэсэн машинаар “Формула1” уралдааны аль нэгэнд түрүүлнэ гэж төлөвлөсөн нь 1965 онд биелсэн байна. 1973 он хүртэл компанийнхаа захирлаар ажиллаж, 1983 онд дээд зөвлөхөөр сонгогджээ. Түүнийг “People” сэтгүүл 1980 оны дэлхийн хамгийн сонирхол татсан 25 хүний нэгээр нэрлэж, Японы Генри Форд гэж тодорхойлсны дараа томилсон аж. Үүсгэн байгуулсан компанийнхаа захирал асан Хонда “Хонда нийгэмлэг”-тэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байжээ.

Харин нас ахисан хойноо Сойчиро болон түүний эхнэр Сачи нар хувийн онгоц жолоодох зөвшөөрөлтэй байв. Түүнээс гадна 77 настай байсан түүнд цанаар  гулгах, агаарын бөмбөлөг, дельтпланаар нисэх таалагддаг байсан гэнэ. Ийнхүү багаасаа машин, дугуй сонирхож олон оронд салбартай машины үйлдвэрийг бий болгож чадсан түүний нэрэмжит шагналыг 1982 онд байгуулсан гавьяаг нь хүлээн зөвшөөрч АНУ-ын механик инженерүүдийн нийгэмлэг бий болгожээ. Энэ шагналаар тээврийн салбарт хүний хэрэгцээнд зориулан мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг байна. Тэрээр 1991 оны наймдугаар сарын 5-нд элэгний дутагдал өвчнөөр нас баржээ. Түүнийг нас барсных нь дараа хийсэн бүтээснийг нь үнэлж олгодог “Пост мортем” шагналын гуравдугаар зэргийн одонгоор шагнасан байна. Мөн “Мандах нарны туяа” одонгоор шагнажээ.

Эшлэл үгс : Намайг мотор үйлдвэрлэж эхлэхэд миний сайн найзуудаас гадна үзмэрчид надад бүтэлгүйтнэ гэж намайг санаагаар унагахаар ирдэг байсан. Би тэдний үгийг сонсоогүй.

-“Далбаагаа өөрийнхөө гараар илүү хүчтэй өргө” гэж Японы  зүйр цэцэн үг бий. Энэ нь амьдралд аль нэгэнд сайн бэлтгэгдсэн боломжийнхоо араас явах хэрэгтэй гэсэн үг юм.

-Хүнийг биеийн хэмжээгээр нь бүү хэмж. Зөвхөн хийж байгаа үйлдэл, хүн төрөлхтний түүхэнд үзүүлж байгаа нөлөөгөөр нь хэмж.

-Хүн бүр өөрийнхөө төлөө ажиллах ёстой. Энэ бол чухал.

-Компанийн төлөө хүмүүс өөрийгөө золиослодоггүй. Чи ажилдаа сэтгэл хангалуун байхын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ мэдрэмж хүнийг шинэ санаа руу хөтөлдөг.

-Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Чиний хийж байгаа ажил хувийн чинь үзэл бодлын илэрхийлэл болж хувирвал, чи сэтгэл хангалуун байх болно.

-100 хүн бодоход 100 чадвар бий болно. 1000 хүн бодвол 1000 хүч бий болно.

-Миний хүүхэд байхаасаа мөрөөдөж ирсэн нэг хүсэл мөрөөдөл бол өөрийнхөө бүтээсэн машинаар том уралдаанд оролцож түрүүлэх байсан.

-Итгэл найдвар бүх хүнд хэцүү цаг үеийг  чамд мартуулна.

-Миний гарт эрэг боолт чангалах түлхүүр байх үед би илүү сайн боддог.

-Бид сая иенийн хөрөнгөтэй их ядуу байсан. Тиймээс бидэнд их эрсдэл тулгарч байгааг ойлгож байсан.

-Анх эхэлж байхад би энэ талаар хэлсэн бүх өөдрөг бус бодлыг тоогоогүй. 1948 оны есдүгээр сарын 24-нд  байгуулсан “Хонда мотор” компани өнөөдөр бүх оронд гялалзаж байна.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ