Үйлийн үрийн төлөөс үр хүүхдэд ч ирнэ

2019-10-14

Б.ДОЛЖИНЖАВ

“Хайр бол зайлшгүй үйлийн үр юм” гэж “Эрх чөлөө” киногоороо тунхаглаж байсан найруулагч Б.Ганболд үйлийн үрийн тухай өгүүлэх бас нэгэн уран бүтээлээ өлгийдөн авлаа. “Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Мам” сэтгэл зүйн,түгшүүрт аймшгийн уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. Найруулагч Б.Ганболдыг “Орхидос”, “Улаан дөрвөлжин” киногоор нь үзэгчид танина. Тэрээр “Мам гэдэг нь үлгэр домгийн шуламс гэсэн утгатай. Үхэх, төрөх хоёр чинь үйлийн эрхээр бүтдэг гэсэн үг байдаг. Чи энэ насандаа хэрхэн яаж амьдарна, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт биш юм гэхэд үр удамд чинь ирнэ. Сайн ч бай, муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй гэсэн агуулгыг харуулсан. Зураг авалтаа долдугаар сард эхлүүлсэн. Газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн” гэсэн юм. Гол дүрд тоглосон залуу жүжигчин Е.Даваасүрэн “МАМ” кино миний тав дахь уран бүтээл. Энэ кино хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй. Хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн утга агуулгатай. Дүрийн хувьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай, түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн өндөр шалгуур, ур чадвар шаардсан” гэв. Киноны “Үхэл, төгсгөл үү” дууг реппер Гинжин дуулж олны хүртээл болгосон билээ. Олзны Япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерын дүр дээр залуу жүжигчин Б.Пүрэвдорж ажиллажээ. Мөн энэ  бүтээлд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал гэсэн гурван үеийн уран бүтээлч ажилласнаараа онцлог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2019.10.14 №203 (6170)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ