С.Эрдэнийн мэндэлсний 90 насны ойг тэмдэглэлээ

2019-10-10

Б.БАЯРЖАВХЛАН

1929 он буюу одоогоос 90 жилийн өмнө Монголын утга зохиолд гурван эрхэм хүн мэндэлсэн байдаг. Тэд бол С.Эрдэнэ, Б.Явуухулан, Гайтав нар юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт С.Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойн арга хэмжээ хүүхдийн номын санд болсон юм. Энэхүү түүхэн өдөрт зориулан “С.Эрдэнийн уран сайхны ертөнцөөр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон “С.Эрдэнийн урлахуйн ертөнцөөр” номын нээлт болсон юм. ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Хүүхдийн номын сан болон зохиолч С.Эрдэнийн төрөл төрөгсдөөс зохион байгуулсан энэхүү арга хэмжээний эрдэм шинжилгээний хуралд есөн эрдэмтэн өөрсдийн илтгэлээ тавьсан юм. С.Эрдэнэ гуайн уран бүтээлийг залуу хойч үедээ тайлбарлан ойлгуулах мөн тухайн түүхэн цаг хугацаагаар аялуулсан өдөр байлаа.

Энэ үеэр түүний хүү Э.Бат-Үүл “Зохиолчын хүү болж төрсөн дөө цаг ямагт залбирч явдаг. Энэ бол ховорхон хувь заяа гэж боддог. Өнөөдөр Монголд агуу их хүмүүн гэж хэлэгдэх эрхэм хүмүүсийн нийллэг дунд бий өссөн азтай хүн. Мөн яруу найргийг залуу үеийн хэрэгцээ болгох ёстой” гэсэн юм. Мөн яруу найрагч Ц.Хулан “Монголын шинэ үеийн утга зохиолын сүүлийн 100 жилд өөрийн сод мөрөө үлдээсэн эрхэм тэртээх 90 жилийн өмнөх энэ өдөр төрж байжээ. Тэр цагаас хойш Монголчууд бидний үнэт зүйл болох эх хэлээ хэрхэн эзэмших, түүгээр дамжуулан түүхэн үнэнийг уран яруу туурвих үгийн мастер болсон байдаг. Энэ ой бол түүхэн тэмдэглүүштэй өдөр. С.Эрдэнэ гуай маань 90 насны ой өнөөдөр даруухан болж өнгөрч байна. Монголын төр, Засгийн газраас илүү анхаарал тавьж тэмдэглэх ёстой болов уу гэж бодож байна. Бид гадны хэрэгжүүлж буй зүйлсийг эх орондоо маш сайн хэрэгжүүлдэг. Уул уурхай, тоног төхөөрөмж, тоног төхөөрөмж гэх мэт зүйлсийг. Тэгвэл бид дэлхийн бусад орнууд өөрсдийн оюуны бүтээл тэр тусмаа эх зохиолчдод хэрхэн хандаж байна. Үүнийг бас дагах ёстой байх. Даруухан болж байгаа ч гэсэн зохион байгуулж буй хүмүүс болон энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн түүний шүтэн бишрэгчдэд талархаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ