Соёлын өв гэж хадгалсаар байтал  барилгууд өөрсдөө нурах нь

2019-10-10

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн бүтээн байгуулалтад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 8-нд мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж буй талаараа дээрх байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид “Соёлын шинэчлэлийг дэмжье” уриатай хэвлэлийн бага хурал  зохион байгууллаа. Гурван байгууллагын одоогийн нөхцөл байдал шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, ажилчид болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаагүй байхад  хөрөнгө оруулалтыг зогсоосонд харамсаж буйгаа тэд илэрхийлэв. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Гурван байгууллагын барилгыг шинэчлэхэд төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг зогсоосон нь бидэнд хүнд цохилт боллоо. Гурван байгууллага яг адилхан модон карказ бүхий тоосгон өрөлттэй барилгад 70 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд цахилгаан, сантехник, шугам сүлжээнд их засвар, өргөтгөл хийгээгүй. Гамшиг, эрсдлийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэдэг дүгнэлт гарсан. Ийм орчинд ажиллаж болохгүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн байна, хүний амь нас эрсдэхвий гэсэн бичиг хэд хэдэн удаа манай байгууллагуудад ирсэн. Бороо орохоор  номын сангийн ажилчид усны гутлаа өмсөөд, шалны алчуураа бариад зогсож байдаг. Нэг байгууллагыг шинэчлэхэд төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт соёлын өвд халдаж байна гэсэн иргэд, олон нийтийн эсэргүүцлийн улмаас зогсож байгаад харамсаж байна. Гурван байгууллага дээр очиж дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн үгийг сонсож, бодит нөхцөлтэй нь танилцаж сайд Ё.Баатарбилэг шийдвэрээ эргэж хараасай гэж хүсч байна” гэсэн юм. Харин УДБЭТ-ын захирал Ц.Төвшинтөгс “Дээврээсээ нэвт үлээж, үзэгчдийн зааланд салхи сийгдэг, бороо орохоор ус гоождог, газар хөдлөлтийн бүсэд хамаардаг гээд олон асуудал байна. Театрын ажилчид, уран бүтээлчдийн нөхцөл байдал ийм хэцүү байгаа учир тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах ёстой. Соёлын өв гэж хадгалсаар байтал барилга өөрөө нурлаа.  Тиймээс БСШУС-ын сайд хийсэн мэдэгдлээ эргэн харж, УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх төсөв хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулган батлуулах шаардлага үүсээд байна” гэсэн юм. УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу энэ асуудлыг төр засаг анхааралдаа авахыг мөн хүслээ.

 “Урлагийг хог  шиг үзэж байна”

Хэвлэлийн хуралд удирдлагуудаас гадна театрын уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо. Тэд театрын барилгыг нурааж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн, ажилчид, уран бүтээлчид эрүүл мэндээрээ хохирч, ажиллахад хүндрэлтэй байгааг хэллээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Театр ямар байдалтай байгааг зөвхөн дотор нь ажиллаж байгаа бид мэднэ. Газар хөдлөлтийн дөрвөн баллад тэнцвэргүй гэсэн дүгнэлт гарчихаад байхад шийдвэрээ буцаасан нь урлагийг хог гэж үзээд байгаатай адил. Агааржуулалт байхгүй, тоосжилт ихтэй, чийгтэй, хөгцөрсөн орчинд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Хувцас угаах газар, жүжгийн хувцас хэрэглэлээ хадгалах  агуулах байхгүй, шал нь цөмөрдөг, нэг өрөөнд хоёр жүжигчин байх байтал 10-уулаа  байдаг гээд олон асуудал байна. Үзэгчид, уран бүтээлчид амь эрсдэхээс сэргийлэхийн тулд шийдвэрээ буцаахыг шаардаад байна” гэлээ. Харин Ардын жүжигчин Н.Сувд “Намайг хүүхэд байхад 1963 оноос тайз шаардлага хангахгүй болсон тухай ярьж эхэлсэн. Тэр цагаас хойш нэг жаран өнгөрлөө. Германы сэргээн засварлах мэргэжлийн хүмүүсийг урьж театрын барилгыг хэрхэн шинэчилж болох акт тогтоолгосон. Гэтэл тоосго нь хөгцөрч, ялзраад, хана нь цуураад завсар гарсан, суурь нь доош суусан тул шинээр барих шаардлагатай гэсэн дүгнэлт бичгээр өгсөн. Гэтэл барилгыг шинэчлэх хөрөнгө оруулалтыг зогсоочихооор бидний амь нас үнэгүй юмуу. Энд ажиллаж байгаа залуу жүжигчдийн амь нас, эрүүл мэндийг бодож  сайд шийдвэрээ эргэн харна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Хуралд дээрх гурван байгууллагад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийсэн байгууллагын төлөөлөл оролцлоо. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор З.Биндэрьяа “Драмын театрт шинжилгээ хийхэд бүжгийн заалны хананд цууралт үүссэн ослын байдалтай, зарим цонх тулаасгүй болсон, орчин үед ашиглахыг зөвшөөрдөггүй гөлгөр гадаргуутай араматуртай байсан” талаар ч ярьсан юм. Ийн дээрх гурван байгууллага ашиглалтын шаардлага хангахгүй, ажилчид, уран бүтээлчид,үзэгчдийн амь насанд аюултай орчинд ажиллаж байгаа тул сайд Ё.Баатарбилэгийг шийдвэрээ эргэн харахыг хүслээ. Өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд театрын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахыг хүссэн хүн бүрт хаалга нээлттэй  байх юм.

 

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ