Амиа алдсан хүмүүсийг хүндэтгэж зул өргөх ёслол хийнэ

2019-10-10

Б.Гүнжид

Угаарын хийнд хордон нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж маргааш буюу энэ сарын 11-ний 18:00 цагаас Сүхбаатарын талбайд 1080 зул өргөх арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухай өнөөдөр зарим сэтгүүлчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Ц.Цолмон “Энэ эмгэнэлт явдалд сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Нийслэлчүүд утаатай тэмцээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хагас тэрбум америк доллар зарцуулсан баримт байна. Үүний үр дүнд иргэдийнхээ амь насыг аврах биш харин бид алдаж байна. Өнөөдөр Улаанбаатарт 1.5 сая хүн амьдарч байгаа. Монгол Улсын иргэдийн тал нь хувь агаарын бохирдлоос болж, ургийн гажиг, хавдар болж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Утаагүй зуух, утаагүй түлш гэж иргэдийн эрүүл мэндээр туршилт хийх ёсгүй. Монгол хүний амь нас утаагүй зуух түлшнээс илүү үнэтэй байх ёстой. Өнөөдөр хүн бүр яндан байвал утаа гарна гэдгийг мэдэж байгаа. Утаанаас салах эцсийн шийдэл бол утаагүй зуух, түлш биш харин орон сууцжуулах хөтөлбөр юм ” гэлээ. Харин сэтгүүлч О.Батханд “Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл сайжруулсан түлшинд угаартаж зургаан хүн амь насаа алдлаа. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь бага насны хүүхэд байгаа. Энэ асуудалд сэтгүүлчид бид маш их эмзэглэж байна. Энэ цаг үед сэтгүүлч бидний үзэгний үзүүр мохох учиргүй. Үг хэлэх эрх боомилуулах учиргүй. Монгол улс хуультай, түүхтэй улс. Мөн гэмт буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй гэдгийг сэтгүүлчид бид уриалж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ