О.Эрдэнэ-Өрнөх: Төсвийн орлого зорилтот хэмжээндээ хүрч чадахгүй

2019-10-10

Ц.МЯГМАРБАЯР

Төсөв хэлэлцэхтэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг цувралаар хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар аналитик” судалгааны төвийн эдийн засагч, судлаач О.Эрдэнэ-Өрнөх оролцлоо.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөлөлтэй бүрэн хэмжээнд танилцсан. Эдгээр баримт бичгийг 2010 оноос хойшхи хугацааны төсвийн баримт бичгүүдтэй харьцуулж, тодорхой үзүүлэлтээр динамик өөрчлөлтийг ажигласан.
2022 он хүртэлх хугацааны төсвийн баримт бичигт миний бие дараах гурван шалгуураар өөрийн дүгнэлт өгсөн. Төсвийн орлогыг тасралтгүй байлгах. Төсвийн зардлыг хязгаарлах бүх боломжийг ашиглах. Ирээдүйд төлөх өрийн үйлчилгээний зардлын хуримтлал үүсгэж буй байдал. Гэтэл энд төсвийн орлого тогтвортой байж чадахгүй, төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн байна. Үүний шалтгаан нь нүүрсний зах зээлийн үнэ, экспортын тоо хэмжээ зорилтот түвшиндээ хүрч чадахгүй байх явдал юм.
2020 онд төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилж, нэгдсэн төсвийн нийт орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буюу 17 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наядад хүргэхээр тооцсон. Эдгээрээс Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 977 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр тооцжээ. Төсвийн төлөвлөлтийн нийт орлогын 25 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр байна. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын 1.5 их наяд төгрөгийг нүүрсний экспорт, 1.2 их наяд төгрөгийг зэсийн борлуулалтаас бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Манай экспорт 2019 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буюу 358 сая ам.доллараар өссөн. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь нийт экспортыг есөн нэгж хувиар өсгөх чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.1 нэгж хувиар буурсан байна. Энэ оны эхний зургаан сард экспортын гадаад худалдааны тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 63 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 294сая ам.доллараар тус тус өслөө.Энэ эерэг төсөөллөөр 2018, 2019 онд нүүрсний экспортыг 42 сая тонн байхаар тооцсон байдаг. Гэтэл бодит гүйцэтгэлээр нүүрсний экспорт 2018 онд 36 сая тонн, 2019 оны наймдугаар сарын байдлаар 25 сая тонн байв. 2019 оны эцэст нүүрсний экспорт өмнөх оны хэмжээтэй адил байна гэсэн таамаглал хийж болохоор байгаа.
Гэтэл 2020 оны нүүрсний экспортын хэмжээг өмнөх оны адил 42 сая тонн байхаар тооцсон байна. Хэдийгээр гаалийн шинэчлэлийг хийж, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар энэ зорилтот хэмжээнд хүрнэ гэж эрх баригчид үзэж буй бололтой. Нүүрсний тээвэрлэлтийг автомашинаар гүйцэтгэж буй өнөөдрийн бодит байдал дээр 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүй. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн орлого зорилтот хэмжээнд хүрэх бололцоогүй юм. Нөгөө талаас дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ 2020, 2021, 2022 оноос 2030 он хүртэл тасралтгүй буурах чиглэлтэй байна гэсэн таамаглалыг дэлхийн томоохон судалгааны байгууллага, худалдааны экспертүүд мэдээлж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд гаргасан түүхий эдийн үнийн таамаглалд дурдснаар Австралийн нүүрс 2018 онд 105.1 ам.доллар байснаа 2019 онд 90.5, 2020 онд 85.2, 2021 онд 80.5, 2022 онд 75.9 ам.доллар байхаар таамаглал гаргасан.
Эндээс харвал 2020 оны Монгол Улсын төсвийн орлого нүүрсний экспортын бодит хэмжээ өсөхгүй, нүүрсний үнийн дэлхийн зах зээлийн үнийн бууралтаас шалтгаалж зорилтот хэмжээндээ хүрэхгүй гэсэн дүгнэлт хийж болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ