Палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатаны онцлох 10 эшлэл

2019-10-09

Р.Оюун

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатаныг урьсан. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Инновацийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжиж байж түүнийг цааш нь ашиглах техник технологи нь хөгжих ёстой.

-Эртний сээр нуруутнууд ямар байсан юм гэдгийг харж байж өнөөдөр бид яагаад ийм болчихоод байгаагаа ойлгох ёстой юм байна.

-Сээр нуруутны палеонтологи гэсэн энэ салбар маань өсч хөгжиж байгаа. Үүн дээр нэмэх нь олон сая жилийн өмнө буюу 70, 100 сая орчим жилийн өмнө манай дэлхий дээр юу болсон нь их сонин шүү дээ.

-Монголоос олдсон амьтад өөр тивээс олддоггүй. Үүнийг судалж байж бусад амьтны хөгжлийг нь гаргаж авдаг учраас манай орноос олддог амьтад нь нэлээд том түлхүүр олдвор болдгоороо онцгой.

-Монголын палеонтологичдыг чадваргүй гэж хэлэхгүй. Бид дэлхийтэй ижилхэн судалгаа хийдэг. Дэлхийд юу хийж байна бид тэр бүгдийг хийж чадна, мэднэ.

-Монголд цөөхөн палеонтологич байна. Энэ их нөөц, баялаг боломж дээр цөөхүүлээ байдаг. Аль болох олуулаа болох хэрэгтэй. Олуулаа байж хүчтэй, хөгжих хэрэгтэй.

-Хүн оюунаараа олсон хөдөлмөр хамгийн ариухан, үнэтэй. Судлаач хүн шинжлэх ухааны төлөө золиос гаргадаг. Бидэнд цаг, нар гэж байдаггүй.

-Бид юу хийгээд өнгөрчихөв гэдгээ дүгнээд харчих хэрэгтэй. Одоо юу болоод байна вэ гэдэгтээ бас дахин нэг дүгнэлт хийгээд цаашаа яах вэ гэдгээ заавал ярих ёстой.

-Манайхан олдвор оллоо гэхээр шууд үзмэрт тавина гэж буруу ойлгодог. Нэг олдвор оллоо гэхэд эхлээд судална. Хамгийн гол нь энэ судалгаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй.

-Олдворуудыг авахын өмнө гар хүрвэл шинжлэх ухааны ач холбогдлоо алддаг. Бид чинь мэдлэг үйлдвэрлэх ёстой хүмүүс тэндээс ямар ч мэдээлэл авч чадахгүй болж байгаа юм. Ганц авч чадах зүйл нь гадна талын хэлбэрийг нь хараад, музейн үзмэрт тавих болдог.

Эх сурвалж www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ