Тавантолгой түлш ХХК:  Шахмал түлшний технологид эргэлзэх хэрэггүй

2019-10-08

Ч.Үл-Олдох

Тавантолгой түлш компанийн төлөөлөл олон нийтэд хандан  “Үндэсний мэдээллийн төв”*-д  шахмал түлшний талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус компанийн захирал М.Ганбаатар, ерөнхий инженер Ж.Батбаяр, Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх С.Мөнхсайхан нар оролцов. Тэдний байр суурийг хүргэе.

М.Ганбаатар: Галлагааны горимын алдааг шахмал түлш рүү чихэж болохгүй

-Угаарын хийд хордох үзэгдэл өмнөх жилүүдэд байсан уу гэвэл байсан. Олон мянган хүн зөвшөөрөлгүй  уурхайд нүүрс олборлож, амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийд угаартдаг. Нийслэлийн   1.5 сая иргэн утаанд хордож, багтраа өвчнөөр өвчилдөг .Энэ байдлаас салах, хорт утаанаас салах  ажлыг манай компани эхлүүлж хийж байна. Бид ингэж бодож, ажиллаж байгаа. Манай хамт олон стандартын төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын 2014 онд баталсан стандарт бий, үүний дагуу  үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2019 онд энэ стандарт шинэчлэгдсэн, үүнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулаад ажиллаж байгаа. Монголчууд  агаарын бохирдлын эсрэг шийдэл хайж 30-40 жил ажилласан.  Өнөөдөр энэ түлш хэрэглээнд гарч хэрэгжээд явж байна. Үүний зэрэгцээ  олон эрсдэл гарч байна. Үүнийг шийдэж, ажлаа зохион байгуулж, бэрхшээлийг давж гарах шаардлага бидэнд тулгарч байгааг юуны өмнө мэдэгдье. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний бүтэц найрлага, технологийн горимын  талаар манай  инженер, техникийн ажилтнууд мэдээлэл  өгнө. Мөн цаг уур, орчны шинжилгээний ажилтан, байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх  хариуцсан  чиглэлээрээ мэдээлэл хийнэ.

Ж.Батбаяр:Бид  бүтээгдэхүүнээ  олон лабораторид шалгуулсан

-Агаарын бохирдол идэвхждэг утааны улирал эхэлж байна. Үүний зэрэгцээ жил шахам ажиллаж ирсэн Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Гэвч энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ташаа мэдээлэл гарах боллоо. Мөн  зарим хүмүүсийн  санаатай үйлдлээс болж  ийм мэдээлэл гарч байна. Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан, одоо Тавантолгой түлш компанид ерөнхий инженерээр ажилладаг. Бидний хэрэглэж буй баталгаат технологи ямар вэ гэвэл, 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд, олон эрдэмтэн, судлаачийн судалгаанд үндэслэж бий болсон. Бид энэ компанийг байгуулсны дараа шинэ технологийг оруулж ирж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн хурлаар оруулан орц найрлагыг баталгаажуулж авсан байгаа. Орц найрлагаа баталгаажуулж аваад Монголын тэргүүлэх эрдэмтдийн хамт түлшээ үйлдвэрлэлд  туршин нэвтрүүлсэн. Туршилтыг СХД-ийн 28 дугаар хороонд бүтэн жилийн турш хийсэн. Үүний дүнд түлшний чанар найдвартай, баталгаатай гэдэг үндэслэлүүдийг гаргасан. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад  шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Монгол Улсын геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, ЭСЖС олон улсын лаборатори дүгнэлт гаргасан, мөн  бүх станц дүгнэлт гаргасан.

Нүүрсний үйрмэгийг барьцалдуулагч бодисын тухайд байгалийн энгийн шавар, эрдэнэшишийн цардуулыг ашигласан. Эдгээр нь цэвэр эко бүтээгдэхүүн юм. Түлшний  РМ 2.5 байгаа. Энэ түлшийг  ямар ч төрлийн зууханд түлэх  боломжтой. Хэвлэлийн хурлын дараа тэд  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

С.Мөнхсайхан: Зөв галлагааны сурталчилгааг дэмжиж,  тарааж өгөөрэй

-Угаартах гэдэг нь нүүрстөрөгчийн дутуу исэл СО бөгөөд түлшний төрөл хамаарахгүйгээр хүн угаартдаг. Өмнөх жилүүдэд ч ийм үзэгдэл байсныг сэтгүүлчид мэдэж байгаа байх. Хэдэн хүн угаартаж нас барсан статистикийг авч үзэж болно. Энэ  бол мэдээж маш харамсалтай асуудал. Бид гэрээ дулаан байлгах гээд эрдэнэт амиа алдаад баймааргүй байна шүү дээ. Үүнийг яаж бууруулах вэ гэвэл галлагааны зөв горимыг ашиглах явдал чухал. Зөв горимоор галлагаа хийгээч гэдгийг манай сэтгүүлчид ард түмэндээ сурталчлах нь нэн тэргүүнд  хэрэгтэй байна. Тэгэхгүй бол  угаартах үзэгдэл дахиад гарна. Жилдээ 30-40 хүн угаатдаг, яг ийм асуудлаар. Тэр бүү хэл автомашинаа асаалттай орхиод угаартаж нас барсан эмгэнэлтэй явдлууд ч гарч байсан удаа бий. Галлагааг  зөв хийгээгүй тохиолдолд яндангаар гарах ёстой утаа гэр дотор, хүний биед орж хордуулж угаартуулж байна. Нүүрстөрөгчийн дутуу исэл өнгө, үнэр, амтгүй химийн бодис. Тиймээс хүмүүс угаартаж байгаагаа мэддэггүй. Иймд сурталчилгаа чухал байна. Дэмжиж, сурталчилж өгөхийг  хэвлэл, мэдээллийнхэн болон сэтгүүлчдээс хүсье.

“Сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах  бүрэн боломжтой” 

-Шахмал түлшийг хатаах горимыг галлагаагаар хийж байна гэсэн үнэн үү. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлтийг хүлээж аваагүй  гэдэг мэдээлэл бодитой юу?

М.Ганбаатар:

-Бид үйлдвэрлэлийн технологийн гоимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Албан байгууллага учраас бид хэн нэг хүний өгч байгаа албан бичиг, зөвлөмжийг харааж, ерөөж буцаах боломжгүй. Албан бичиг ирэхэд надтай, надгүй танилцуулагдаад явдаг журамтай. Тиймээс хэн нэг хүний санал, ирүүлсэн бичгийг буцаасан тохиолдол байхгүй. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль  нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Манай компанид сайжруулсан түлшний чиглэлээр Монгол Улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид дэргэдээ шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг ажиллуулдаг. Энд нүүрс, химийн чиглэлээр ажиллаж ирсэн Монголын эрдэмтэд ажиллаж байна. Гадаадын улс орнуудаас япон, солонгосын эрдэмтэд ажилладаг. Сайжруулсан түлш  бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй  жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж юм. Үүнийг бид олон улсын стандартын дагуу, горимын хүрээнд хэрэглэж ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Олон улсын жишигт түлшийг ил задгай түлж байгаа. Баруунд камен зууханд, гэр орондоо ил талбайд түлдэг ахуйн зориулалттай  бүтээгдэхүүн.

-Заваар, зөвлөмжийг та бүхэн телевизтэй хамтраад өгөх боломжтой юу?

-Түлшний заавар зөвлөгөөг бид боломжийн хэрээр өгч ирсэн. Түлшний савалгааг харах юм бол түүн дээр галлагааны горим бий. Дээрээс галлах, урдаас галлах горим нь зөв галлагааны горим юм. Дээрээс нь бид нэмэлт галлагааны тухай ярьж байгаа. Иргэд багахан цаг илүү түлэхийн тулд уугиж унтарч байгаа үнсэн дээр жаахныг нэмээд таглачихдаг, яндангийн хаалтаа хачихдаг. Энэ буруу. Галаа заавал асаах хэрэгтэй. Цучил модоор дунд нь хачир хийж өгөх ёстой. Ийм  жижиг хэвшлийг хэрэглээндээ бий болгочихвол сайжруулсан түлш нийслэлийн гэр хорооллынхны  хэрэглээ болж, 1.5 сая хүний уушгийг хамгаалах үр дүнд хүрч чадна. Энэ бол бидний өнгөрсөн 30-40 жил ярьсан ажлын эхлэл. Эрсдэл, эсэргүүцэл байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ бидний технологид эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горимыг таниулах, иргэдээ халамжлахад хамтран ажиллахыг  хэвлэл мэдээллийнхэнд уриалмаар байна.

-Иргэд яагаад угаартаад байна вэ?

-Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн,  гэр хороололд  бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна. Угаарын хий гэж өмнө нь ярьдаг ч үүнд хариуцах эзэн, байгууллага байгаагүй учраас мэдээ төдий хэлээд өнгөрдөг байсан. Тэгвэл өнөөдөр бүгд ярьж эхэллээ, энэ зөв. Тэгэхээр иргэдээ халамжилж, зөв галлагааг нэвтрүүлэх нь чухал байна. Цаашид монгол хүний байх байхгүй тухайг хөндөх  агаарын бохирдлын асуудал, Монголын хүн амын тал нь болох 1.5 хүний язгуур эрх ашгийг хамгаалж утаатай тэмцэх талаар асуудал дэвшүүлж байгааг зөв талаас ойлгож зөв хэрэглээг сурталчлахад туслах  хэрэгтэй байна. Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөхөд биднийг дэмжиж өгөөч гэдэг хүсэлт байна. Дээр нь янз бүрийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгний хүсэл сонирхол байхыг үгүйсгэхгүй. Багануурын нүүрстэй шахмал түлшийг харьцуулшгүй. Өнгөрсөн жил Багануурын нүүрс нийслэлд ямар их утаа гаргаж, иргэд ямархуу байдалтай өвөлжиж  байснаа мартаагүй байх. Бид 100 хувь сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах  бүрэн боломжтой.

-Үнс их гарч байгааг яах вэ?

-Үнс физик шинжтэй. Бүх газарт ийм байгаа. Үнс түлшний эзлэхүүнийг барьж гардаг. Тэгж чадахгүй байвал агаарт дэгдэж утаа, бохирдол болж гарсан гэж ойлгож болно. Бид харин ч  үнсийг зууханд барьж үлдэхийн тулд хичээж ажилладаг. Зууханд үлдэх үү, бидний уушгинд орох уу гэдэг сонголтын аль нь ашигтай вэ гэвэл зууханд үлдэх нь зөв, тийм биз.

“Энгийн зууханд шахмал түлш хэрэглэж болно”

Ж.Батбаяр:

-Отгонбаяр гэдэг хүн лайв хийж мэдээлэл хүргэсэн. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлт гарсан талаар.  Тэр нь нам даралтын зуухны туршилт уу, энгийн зуухны туршилт уу?

-Тэр шинжилгээний дүн, зөвлөмж нь Хятад улсын СЖ-7.025 мегаваттын хүчин чадалтай усан халаалтын уурын зууханд хийсэн шинжилгээний дүн юм. Түүнийг ташаа ойлгож уламжлалт  энгийн зууханд шахмал түлш түлж болохгүй мэтээр андуурч мэдээлэл хүргэж байгаа нь харамсалтай. Харин Тавантолгойн түлшийг усан халаалтын зууханд түлэхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бусад зууханд  бол болно.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ