Санал асуулга МАН-ын тулгалт уу, Ард нийтийн сонголт уу?

2019-10-08

Б.БАЯРЖАВХЛАН

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт гавьяат багш Ц.Дэмбэрэл, МУИС-ийн профессор А.Эрдэнэцогт, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн, Баянхонгор аймгийн МАХН-ын хорооны дарга Ж.Ганзул, иргэн Д.Баярмагнай нар оролцож, Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 Гавьяат багш Ц.Дэмбэрэл: Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх ёстой

 -Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн төслийг анх батлахдаа маш том цоорхой гаргасан. Тэд энэ цоорхойг хүмүүс ингэж ашиглах юм гэдгийг хараагүй юм.

-1992 онд Үндсэн хууль батлахад оролцсон хүмүүсийн ерөнхий мэдлэгийн түвшин доогуур байсан.

-Одоогийн Үндсэн хуулиар нэг ч алхах боломжгүй болсон байна. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

-Монголчууд бид төрөө цэгцлэх цаг нь болсон. Ард түмний төр юм уу эсвэл төр гэдэг нь нам юм уу. Одоогийн төрд бол нам нь төр байгаад байна.

-Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийг засч болохгүй. Энэ өөрчлөлтөд иргэдийн төлөөх зүйл байхгүй. Харин намын байдал улам чангарч хүчирхэгжсэн.

-Хамгийн түрүүнд төрийг ард түмний төр байлгамаар байна.  Бүх юм намын гарт орсон энэ зүйлийг өөрчлөх хэрэгтэй.

-Байгалийн баялгийн хувьд төр нийтийн өмч гэж байхгүй. Ганцхан нийтийн буюу ард түмний өмч л гэж байх ёстой.

-Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх ёстой. Ямар ч намаас хараат бус байх ёстой.

-Одоогийн Үндсэн хуулийн дагуу олигархи бүлэглэл 25 жил ард түмний өмчийг хулгай хийхэд гаршсан байна.

-Анх 62 хүний өргөн барьсан төслөөс одоо хэлэлцэж буй төсөл нь өөр болсон байгаа. Гэтэл үүнийг хэлэлцэх гэж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй.

-Төр харагдах байдлаасаа ард түмнээс сонгогдсон мэт боловч нам нь төрийг томилж байна.

-Одоогийн Үндсэн хуульд байгалийн баялаг бүх ард түмний өмч гэсэн мөртлөө араас нь залгаад төрийн өмч гэсэн байгаа юм. Ард түмний өмч гэж хуурчихаад төр зардаг, захиран зарцуулж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг ард түмний өмч байхаар заасан юм алга. Харин төрийн нийтийн гэсэн томъёолол хаана ч байхгүй.

-Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталбал ард түмний бослого гарна.

МУИС-ийн профессор А.Эрдэнэцогт: Байгалийн баялгийг ард түмний өмч гэх нь зүйтэй

-Үндсэн хуульд засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон. Гэхдээ нэмэлт, өөрчлөлт маягаар биш.

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн алдааг давтахгүй байх шаардлагатай байна.

-Энэ Үндсэн хууль бол сайн хууль гэж 27 жил ард түмнийхээ тархийг угааж ирсэн. Гэнэт ухаан орсон мэт Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярихаасаа илүү өнөөдөр өөрчлөх боломж бололцоо байна уу гэдгийг харах хэрэгтэй.

-1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн шинжтэй хууль. Харин шилжилтийн хуулийг түр ашиглах ёстой. Харин манайх Америк шиг 200 жилийн хууль баталсан юм шиг ойлгоод байна.

-Олон нийтийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа

-Монгол Улс засаглалын хувьд парламентын засаглалыг гүнзгийрүүлж боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ талаар гүнзгийрүүлж Үндсэн хуульд оруулах хэрэгтэй.

-Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах бол хоёр өөр асуудал. Гэтэл нэг асуудал болчихоод байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихаас эхлээд асуудал дагуулсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчихөөс эхэлсэн.

-УИХ буюу МАН-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд олонх гэдэг утгаараа эрдэж, хүч түрэх маягтай явж болох юм байна гэж өнгөц хандсан.

-2000 оны нэмэлт, өөрчлөлт яг энэ хэлбэрээр явсан. Энэ байдал буруу гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байж яг түүн шиг аргаар батлуулах гээд байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж тодорхойгүй хэлбэрээр өргөн барьсан. Үндсэн хуулийн төсөл хэлбэрээр явсан бол Үндсэн хуулийн цэц дээр хянагдаж Ерөнхийлөгч хориг тавих ёстой байдаг. Харин энэ асуудлуудаас зугтаж нэмэлт, өөрчлөлт нэрээр явж байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу явах байсан.

Соён гэгээрүүлэгч телевизийн захирал Ш.Хишигсүрэн: Үндсэн хуулийг Үндсээр нь өөрчлөх ёстой

-Ард түмний Үндсэн хуулийн мэдлэг муу байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн мэдээллээр иргэдийг хангахгүй байна.

-Улс төрд нэг нам олонх байгаад хэрэг алга. Эх орноо гэсэн хүмүүс л төрд гарах хэрэгтэй байна.

-Үндсэн хууль гэдэг зүйл рүү анхаарлыг нь хандуулж ЖДҮ, 60 тэрбум, МАНАН-ын асуудлыг орхигдуулж байгаад ямар нэгэн заль хэрэглэх гэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна.

-Энэ хүнд үед УИХ тарах тухай асуудал ярьж байна. Ард түмнээ бодоод тарах гэж байна уу эсвэл бүх зүйл нь хүнд байдалд ороод тарах гэж байна уу гэдгийг ард түмэн бид бодох хэрэгтэй.

-Үндсэн хуулийг Үндсээр нь өөрчлөх ёстой.

-Үндсэн хууль ямар байна ард түмэн, төр тийм л байна.

-Ард түмнээ мэдэрч байж өөрчлөлт шинэчлэлийг хийх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн тогтолцоо, засаглалын хямралаас болж шинээр гарч буй мэдлэг чадвартай залуучууд өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна.

-Одоо өвөл болох гэж байна. Иргэд юун Үндсэн хууль мантай байна. Ийм үед ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж болохгүй.

-Монголын улстөрчид соён гэгээрэх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд иргэд бидэн рүү чиглэсэн болон баян, хоосны ялгааг арилгах ямар өөрчлөлтүүд байгаа вэ. Харин энэ өргөн барьж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэг ч зүйл алга.

-Үндсэн хуулийн талаар мэдээлэлгүй ард иргэдээсээ санал асуулга авч энэ хуулиа батлуулж нэг сая ядуу иргэдээ хоёр сая болгох зорилготой байна.

-УИХ-ын гишүүд буюу МАН Үндсэн хуулийн дээр намаа аваачиж дархлаажуулж нэг өдөр ч гэсэн Монголын төрд суух сонирхолтой байна.

-Ухаантай, соён гэгээрсэн хүмүүсээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцож эх орныхоо төлөө зүтгээч гэж хүсмээр байна.

-Монголын улстөрчид Монгол Улсын төрийн хяналтаас гарсан байна.

Баянхонгор аймгийн МАХН-ын хорооны дарга Ж.Ганзул: хоригийг хүлээж авах нь зөв

-1992 оны Үндсэн хуульд гадны бодлого нөлөөлсөн. Ардчилалд гарж ирсэн дэврүүн залуус гадны бодлого дор Монгол Улсын өнөөгийн уруудуулах түвшний хуулийг баталсан.

-Энэ Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон.

-1992 оноос хойш улс төрд яваа залуучууд бол хамгийн овжин, зальжин, наймаачин болохгүй бүтэхгүй нөхөд орж ирсэн.

-Энэ Үндсэн хууль цааш явахааргүй болсон. Тиймээс засварлах зайлшгүй шаардлагатай.

-Монголд засаглалын хямрал 20 гаруй жил нүүрлэж байна. УИХ-ын дарга Үндсэн хуулиа зөрчиж Үндсэн хууль хэлэлцээд сууж байна. Үндсэн хуулийг чуулган дамжуулж хэлэлцэж болохгүй.

-Ард түмнээрээ хэлэлцүүлээд иргэдэд хэрэгтэй Үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Түүний дараа засаглалын хэлбэрээ шийд.

-Одоогийн УИХ-ын гишүүд буюу МАН-ынхан ганц намын дарангуйллаар Үндсэн хуулийг шийдэж болохгүй.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нь анхнаасаа хууль зөрчсөн, чуулган дамжсан, 62 гишүүн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг зэрэг хэлэлцсэн нь асуудалтай. Ийм байж ард нийтийн санал асуулга авна гэдгийг эсэргүүцэж байна.

-Монголчуудыг 27 жил өлсгөлөн, мэдлэг мэдээлэлгүй байлгасан. Мөн өрнөөс өрний хооронд толгой өндийх боломжгүй ажиллаж байгаа энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд иргэдийн төлөө нэг ч санал ороогүй. Зөвхөн өөрсдийн сандал суудалтай орооцолдсон зүйл заалтуудыг нэмж байна.

-Энэ Үндсэн хууль хэлэлцэгдэхгүй. Тиймээс ард нийтийн санал асуулгыг авах шаардлагагүй.

-Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй энэ УИХ өөрсдөө тарж монголчуудад эрх чөлөөг нь олгооч.

-Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.

-60 тэрбум, ЖДҮ гээд гэмт хэрэгт холбогдсон ийм хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Энэ хүмүүс бол Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй хүмүүс.

Иргэн Д.Баярмагнай: Ард иргэд бид Үндсэн хуулийг мэдэхгүй

-Үндсэн хуулийг өөрчлөх нь ард иргэдэд хэрэгтэй. Одоогийн УИХ-ын гишүүдийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй хүмүүс. ЖДҮ болон элдэв хууль зөрчсөн ийм хүмүүс учраас.

-Үндсэн хуулийг батлахад УИХ-ын чуулган тасралтгүй хуралдаад завсарлах ёстой байтал хоёр чуулган дамнах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.

-76-гуулаа байж Үндсэн хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Энэ 75 гишүүн нэг хүнийхээ асуудлыг хэлэлцэж чадахгүй байж гурван сая хүний ажил, амьдралыг шийдэж чадахгүй.

-Их хурлын дарга Г.Занданшатар эр хүнийхээ жудгаар их хурлаас огцорч их хурлын гишүүд нь эх оронч сэтгэлээр УИХ-аа тараах ёстой.

-Одоогийн УИХ-ын гишүүд бол ЖДҮ-чин, хүчин, хүн зодсон, луйварчин, авлигач нөхөд. Тиймээс тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрхгүй.

-Бүх аймаг, сумаас төлөөлөл авчирч Ардын их хурлыг байгуулж түүнээсээ улсын бага хурлыг байгуулж Ерөнхийлөгчөө томилж Ерөнхийлөгч нь Засгийн газраа удирддаг байх талаар яриад энэ УИХ тарах ёстой.

-Үндсэн хуулийг хэлэлцүүлэхээс өмнө ядуу иргэдээ ядуурлаас гаргах хэрэгтэй байна.

-Ард иргэд 1992 оны Үндсэн хуулиар явсаар байгаад ядуурсан.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг иргэд дэмжихгүй. Түүнд 37 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Харин 1000 айлын орон сууц бариад өгчих.

-Иргэд бид Үндсэн хуулийг мэдэх нь битгий хэл бусад хуулийг ч мэдэхгүй.

-Иргэд бидний мэдэх зүйл бол мах, будаа, гурилын үнэ. Харин УИХ-ын гишүүдээс асуувал тэд мэдэхгүй. Ийм байж биднийг төлөөлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэнэ. Үүнийг бид дэмжихгүй байна.

-Үндсэн хууль гэдэг бол 75 хүний эрх ашиг биш. Монгол Улсын гурван сая хүний эрх ашгийг хамгаалсан байх ёстой.

-Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан байна. Гадны нэг хүн орж ирээд гишүүдэд нөлөөлж Үндсэн хуулийг өөрчилж байна.

-Эрүүл мэнд, боловсролын хувьд бид ядуурсан байна. Хүмүүс амь авраач гээд эрүүл мэнд гуйж байна. Эрүүл мэндээ хандиваар эмчлүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.8 №99 (6166)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ