М.Од: Дүрдээ орж, бодож тоглохыг хичээдэг

2019-10-07

Б.ДОЛЖИНЖАВ

 

УДБЭТ-ын балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан М.Одыг “Сонгодог урлаг” буландаа урилаа. Тэрээр үзэгчиддээ энэ сарын 9-нд Гала концертоор бэлэг барих гэж байна.

 

-Балет бэлтгэл их шаарддаг урлаг. Тоглолттой учраас театр дээрээ хонох шахаж байна уу?

-Амарч байгаад наймдугаар сарын 19-нд ажилдаа орсон. Тайлан тоглолтоо хийх  талаар багш нартайгаа ярилцаад маргааш нь бэлтгэлээ хийж эхэлсэн. Шинэ бүжгүүд дэглэгдэж байгаа болохоор бэлтгэл их шаардаж байна. Өглөө 10:00 цагаас дасгалаа хийчихээд үргэлжлүүлээд бүжгээ бэлдээд, орой 20:00 цагийн үед дуусна. Сонгодог урлагт хайртай үзэгчдээ сэтгэл ханамж дүүрэн буцаахын тулд шинэлэг бүжиг хүргэхээр зорьж, шаргуу хичээж байна. Тоглолт сонгодог, модерн гэсэн хоёр хэсэгтэй. Эхний үзэгдэл нь шинээр дэглэсэн модерн бүжгээс бүрдэнэ.  Бүжгийг Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал, гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Энхтайван нар дэглэж байгаа.  Сонгодог бүжигт УДБЭТ-т тоглодог дэлхийн болон Монголын алдартай балетуудын хэсгээс хүргэнэ.

-Театрт орсноос хойш 10 жилийн дараах тайлан тоглолт уу?

-Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчнээр төгсөөд 2006 онд театрт орсноос хойш 13 жилийн дараа хийж буй тоглолт. Театрт ороод анх “Хунт нуур”-ын Зигфридэд гоцолж байсан. Тэр үед юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд багш “Одоо чи гар” гэхээр нь “За” гээд л гарчихсан. Жүжгээ ойлгож амжаагүй, бүжгийнхээ дэс дарааллыг сураад л бүжиглэсэн байдаг юм. Одоо бол арай өөр бүжиглэнэ дээ. Харин сурагч байхдаа Щелкунчикт бүжиглэж байсан. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэдэг, урлагийн наадамд оролцдог хүүхэд байлаа. Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ бүжиглээгүй бүжгээ мартах шахсан. Гэхдээ зуны амралтаараа бүжгийн дугуйланд явмаар байна гэж хэлээд, Хөгжим бүжгийн коллежид шалгуулаад орсон.

-Та “Хунт нуур” балетын Зигфридийн дүрд олон удаа гоцолсон. Анх энэ дүрд гоцлохыг мөрөөдөж байв уу?

-“Хунт нуур”-т гоцлохыг мөрөөддөг байлаа. Д.Дашлхагва багш “Чи бол ханхүүд тохирох хүүхэд. Би чамайг ханхүүд бэлтгэж байгаа” гэж хэлсэн. Багш биднийг хараад  тохирох дүрийг нь хэлээд өгчихдөг юм. Дээд курсийн ах нарынхаа бэлтгэл хийж байгааг хараад “Багш аа, ханхүүгийн дүрд бүжиглэх чинь амархан юм байна. Би бүжиглэж чадах бололтой” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ. Гэхдээ өөрөө гоцлоод бүжиглэх үед буруу зүйл ярьснаа ойлгосон. Анх тайзан дээр гараад их сандарсан. Харин олон удаа бүжиглэсний дараа энэ дүрийг илүү сайн гаргах хувилбар, боломжийг эрж хайх болсон. Залуу байхад ханхүүгийн дүрд бүжиглэхэд амар байсан. Одоо бол 16 настай хүүхдийн дүрийг гаргахын тулд сайн боддог болчихсон шүү. “Хунт нуур” балетдаа их  хайртай. Олон ч удаа гоцолсон.

 -Эмэгтэй балетчдын хувьд “Хунт нуур” хамгийн хэцүү нь гэдэг. Харин эрэгтэй балетчдаас хамгийн их ур чадвар шаарддаг балет аль нь вэ?

-Бүх балет хэцүү. “Хунт нуур” дан сонгодог, 16 настай ханхүүгийн дүрийг гаргах ёстой бол “Дон Кихот” техник ихтэй. Жүжиг болгон тухайн дүрийн онцлогийг илэрхийлсэн хэцүү хэсэгтэй. Мөн заалны, тайзны гэсэн хоёр төрлийн бүжигчин бий. Бэлтгэлийн үеэр сайн  байдаг ч тайзан дээр гараад сайн бүжиглэдэггүй балетчин байна. Харин зааланд сайн биш хэрнээ тайзан дээр гараад сайн бүжиглэдэг уран бүтээлч бас бий.

 

-Энэ хугацаанд бэртэж, шантарч байсан байх?

-Тоглолтын үеэр нуруу гэмтээд, тэр нь мэдрэлийн судсаа дараад баруун хөл янгинаж өвдөөд гишгэж болдоггүй. Эхэндээ юу өвдсөнийг мэдэхгүй эмчээр тариа тариулчихаад буцаад тайзан дээрээ гарч байсан. Ер нь иймэрхүү бэртэх үе олон тохиолдоно. Гэсэн ч шантарч байсангүй. Нэгэнт сонгоод, өөрөө дурлаад орсон болохоор хамгийн сайн нь байхыг эрмэлздэг. Ажил дээрээ ирээд дасгалаа хийж байж эхний эрч хүчээ авна. Дасгалгүй тоглолтынхоо бэлтгэлийг хийхээр хэцүү байдаг. Гэр бүл, өглөөний дасгал сургуулилт, багш нарын зөвлөгөөнөөс эрч хүчээ  нөхдөг дөө. Олны өмнө тайзан дээр гарч бүжиглээд, үзэгчдээс магтаалын үг сонсох балетчны хувьд хамгийн сайхан зүйл байдаг.

-Багш нарын тань хэлдэг хамгийн чухал зөвлөгөө?

-Д.Дашлхагва багш балетчин хүн ямар байх ёстой талаар бүх зүйлийг зааж өгсөн.  Тавдугаар ангиас хойш төгстлөө багштайгаа цуг амьдрах шахдаг байлаа. Учир нь долоо хоногт нэг шинэ жүжиг, бүжиг сурдаг байсан. “Юуны түрүүнд хүн бай, тэгж байж сонгодог урлаг чинь, үзэгчид та нарыг хүндэлнэ. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол тусал. Хараагүй мэт хажуугаар нь өнгөрч болохгүй. Дүү нартаа чадах чинээгээрээ тусалж, дэмж, зааж өг” гэж хэлдэг байсан. Театрт орсны дараа багш нар мөн хүн бай л гэж хэлсэн. Доод үеийнхэн нь дээд үеийнхнээсээ суралцаж, үлгэр дуурайл авч хүмүүждэг. Тиймээс тэдэнд сайн үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө бид хичээх шаардлагатай болдог. Багшийнхаа үгийг сайн сонсоод, энэ хөдөлгөөнийг яаж сайн хийх вэ гэж оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Эхлээд тухайн хөдөлгөөнийг хэрхэн хийхээ ойлгох нь чухал. Яаж хийх учраа ойлгоогүйгээс гэмтэх тохиолдол гардаг. Тиймээс нэг хөдөлгөөн хийхдээ яаж хийх ёстойг судлаад сайн хийх нь чухал зүйл.

-Та  ч бас дээд үеийнхнээсээ үлгэр дуурайл авч байсан уу?

-“Щелкунчик”-т 2003 онд бүжиглэж байхдаа анх харсан хүн нь балетчин Ганбат байсан. Д.Дашлхагва багш сонгодгийн гурван анги төгсгөсөн. Манайх хамгийн сүүлийнх нь төгсөлт. Байнга хамт бэлтгэл хийдэг учраас дээд курсийнхээ хоёр ангийн ах нараас олон зүйл сурсан. Жилдээ 1-2 удаа Японд очиж тоглолтод ордог. Олон орны бүжигчин болон тэнд ажиллаж буй ах нараас туршлага судална. Манай сургалт Орос сургуультай их сайн. Европын орнуудын балет арай өөр, зөөлхөн, уянгалсан байдаг юм билээ.

-Урлагийн хүн тэр дундаа балетчин байна гэдэг их хэцүү. Гэр бүлдээ цаг  гаргаж чаддаг уу?

-Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Орой ажил тараад очиход хүүхдүүд унтчихсан, эхнэр маань намайг хүлээгээд  сууж байдаг. Гэр бүлдээ гаргах цаг бага. Гэхдээ амралтын хоёр өдөр хүүхдүүдтэйгээ тоглож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөг.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.7. № 198 (6165)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ