Ж.Алтаншагай ахтай хамт кинонд тоглохыг хүсдэг

2019-10-03

 

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Про Стар” кино академийн драмын дугуйлангийн сурагч Т.Булганболдыг энэ удаагийн “Бүнээ,Сүнээ хоёр” буландаа урилаа. Тэрээр “Том 4 толгой” адал явдалт, инээдмийн, хүүхдийн  уран сайхны киноны III ангид гол дүр бүтээж байгаа юм.

 

 

-“Том 4 толгой” киноны зураг авалт хэр явж байна. Ямар дүр бүтээж байгаа талаар ярилцлагаа эхлэе?

-Би 33 дугаар сургуулийн 7б ангид суралцдаг. “Про Стар” кино академийн драмын дугуйланд  хичээллээд жил гаруй болж байна. “Том 4 толгой” уран сайхны киноны III ангид Жижгээ нэртэй атаман хүүхдийн дүрийг бүтээсэн. Гол дүр Баатараа, Эгшиглэнт-Од хоёрыг дээрэлхэж байгаа талаар гардаг. Гэхдээ сүүлд нь эвлэрч найзууд болдог. Киноны зураг авалт бараг дууссан. Хэдхэн зураг авалт үлдсэн.

-Өмнө нь хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээж байсан. Жижгээгийн дүр ямар онцлогтой вэ?

-Энэ удаа ууртай хүүхдийн дүрийг бүтээж байгаа. Би их хөгжилтэй хүүхэд учраас ууртай, ааштай, дээрэлхүү хүүхдийн дүрд тоглох бага зэрэг хэцүү санагдсан. Гэхдээ дүрээ сайн бүтээж чадсан гэж бодож байна. Энэ дүрд 80 гаруй хүүхэд шалгуулсан гэсэн.

-Анхны кино нь “Про Стар”-ийн хоёр дахь уран бүтээл “Залуу мөрдөгчид” байх аа. Анх кинонд тоглох ямар байсан бэ?

-Анх “Про Стар” кино академийн санаачилсан “Сайн Аав” киноны пробонд ороход хэл ам орооцолдоод их сандарсан. Харин “Залуу мөрдөгчид” киноноос нүүр хагарч эхэлсэн. Кинонд тоглохыг хүсч байсан учраас анхны дүрээ бүтээчихээд их баярласан. Анх зуслан дээр амарч байгаа хүүхдүүдийн адал явдал, сонин хачныг өгүүлдэг “Залуу мөрдөгчид” киноны хоёрдугаар хэсгийн гол дүр “Бодон” Сайнаагийн дүрд тоглосон. Их идэмхий учраас зуслангийн найзууд нь тэгж хочилсон юм. Идэмхийгээсээ болоод хэрэгт их орно. Хүүхдүүд зуслан дээр амрах  хугацаандаа хэрхэн нөхөрлөж, хоорондоо маргалдаж, буцаад эвлэрч найзууд болж байгааг харуулдаг. “Залуу мөрдөгчид” кино хамт олон, найз нөхөрлөлийн үнэ цэнийг надад ойлгуулсан. Бүх зүйл хамт олноос шалтгаалдаг гэдгийг ухааруулсан. Удахгүй II ангийг нь хийх байх. “Залуу мөрдөгчид”-өөс хойш “Үзэсгэлэнт 12 сар” кинонд жүжигчин А.Энхжингийн багын дүрд тоглосон. Мөн хорь түмдийн амьдралын тухай өгүүлсэн “Дангина” кинон дээр Хородэй мэргэн хааны багын дүрд тоглосон. Одоо action кинонд дүр бүтээхийг хүсч байна.

“Том 4 толгой” киноны зураг авалтын үеэр.

 

-Том болоод жүжигчин болох уу?

-Магадгүй жүжигчин болох байх. Гэхдээ сайн шийдээгүй. Одоохондоо чадвараа дээшлүүлээд, өөрийгөө хөгжүүлээд явж байна. “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай ахыг хүндэлж явдаг. Дүрдээ маш сайн ордог чадварлаг жүжигчин. Кинонд хамт тоглохыг хүсдэг.

-Кинонд хамт тоглосон хүүхдүүдтэйгээ найзууд болсон уу?

-Киногоор дамжуулж танилцсан олон сайхан найз бий. Тэд найзын дотно мэдрэмжийг надад бэлэглэдэг. Кинонд тоглож байхад хөгжилтэй зүйл их тохиолдоно. “Том 4 толгой” киноны III ангид Эгшиглэнт-Од, Баатараа хоёр Хөөрхөнөө гээд охинд хайртай болчихсон. Тэгээд Баатараа хацар дээр нь үнсэх гэтэл хүрээгүй. Аз жаргал хүнд олддог хамгийн гоё мэдрэмж. Ханатлаа инээх, найзуудтайгаа хөгжилтэй зүйл хийх үедээ аз жаргалыг хамгийн их мэдэрдэг.

-Кинонд дүр бүтээхэд хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Олонд танигдаж хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээх нь гоё санагддаг. Зураг авалтын үеэр найруулагчаа уурлуулж, загнуулах үе гарна. Гэхдээ дуртай зүйл маань болохоор цааш үргэлжлүүлээд л зураг авалтдаа ордог. Ямар ч зүйлд битгий айж сандарч ичээрэй. Зориглоод хийвэл та нар чадна аа гэж хэлмээр байна. Чөлөөт цагаараа аялалд явж, драмдаа хичээллэнэ. Бас нум сум харвах дуртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.3 № 196 (6163) 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ