Н.Энхбаяр: 60 тэрбумын хэрэгт шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй

2019-09-27

С.САРУУЛ

МАХН өчигдөр /2019.09.27/ IV Бага чуулганаа хуралдуулсан. Намын удирдлагууд болон орон нутаг дахь МАХН-ын дарга нар Бага чуулганы шийдвэр болон цаг үеийн  асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бага чуулганаар эрх баригчдын хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй хууль бус үйл ажиллагааг Бага чуулганаар ярилцлаа. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж буй арга, агуулга нь буруу юм гэдгийг илэрхийлж байсан. Үүнийг Бага чуулганаар бататгалаа. Тиймээс УИХ одоо жүжгээ зогсоож, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй гэдгийг эрх баригчдаас шаардаж байна.

Нэр хүнд нь унасан УИХ, МАН олонхиороо нийгмийн гэрээтэй холбоотой Үндсэн хуулийн чухал асуудлыг балмад байдал, хууль бус аргаар хэлэлцэж байгаа нь өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ. Үүнийг таслан зогсоох ёстой. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудалд шинэ тоглогчид, жүжигчид гарч ирж байна. Тухайлбал, 60 тэрбумын асуудлыг өмнө нь холбогдож байсан хүмүүсээс гадна У.Хүрэлсүх мөн мэдэж байсан. Мэдээд зогсохгүй сайшааж, дэмжиж  байсан нь тодорхой боллоо.МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэж байсан. Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудлыг бодитоор шалгаж байгаа бол шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй. Ганц хоёр хүнийг золиослох биш бүгдийг нь шалгаж байж шударга ёс тогтоно.

ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг яаралтай шалгахыг МАХН шаардаж байна. Яагаад ЖДҮ-г шалгаж чадахгүй, дуугарч чадахгүй цаг алдаад байгааг ард түмэн асууж байна. Эрх баригч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яагаад гаргаж ирснийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай  хэлсэн. Эрх баригчид Дубайн гэрээг хүчингүй болгохгүйн тулд, ЖДҮ-ыг хаахын тулд хуулийн зохицуулалт ашиглаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Нэмэлт өөрчлөлтөөр халхавчилж өөрсдөд нь ашиггүй, эсвэл улс орныхоо эрх ашгийг бодох асуудалд зоримог шийдвэр гаргаж чадахгүй хойшлуулах арга саам юм.

МАХН эрх баригчдын олж харахгүй байгаа, олж харсан ч хийхийг хүсэхгүй хэд хэдэн томоохон асуудлыг эхлүүлсэн. Тухайлбал, Шинэ Дээд хуулийн төслийг эрдэмтэн мэргэдтэй хамтран боловсруулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд өргөн барьсан. Бидний төсөлтэй танилцахыг хүссэн. Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож байж ядуурал, шударга бус байдал арилах зэргээр маш олон тооцоо судалгаатай санаачлага бий. Харамсалтай нь бидний саналд хариу өгөөгүй. Гэхдээ бид ард түмнийхээ төлөө зүтгэх болно. Ард түмний хоорондоо болон төр засагтай байгуулах хүсэлтэй нийгмийн гэрээ бол шинэ Дээд хууль. Хуулийн гол зарчмын өөрчлөлтийг ард иргэддээ танилцуулж байгаа. Байгалийн баялгаас гадна иргэдээ өрнөөс чөлөөлөх, яваандаа хүчингүй болгох, айл бүрийг орон сууцаар хангах асуудлыг тусгасан.

МАХН УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн. Энэ Их хурал ажиллах чадваргүй, хууль бусаар бүрэлдсэн. Гишүүдийн олонх нь ЖДҮ, концесс, тендер, хүчин гээд будилаантай асуудалтай холбогдсон учраас яаралтай тарах хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ