МСҮТ-ийн боловсролыг сайжруулахад хамтын ажиллагаа чухал

2019-09-25

Б.БАЯРЖАВХЛАН

Мэргэжлийн боловсролын байгууллагаас ХНХЯ болон НҮБ-ын боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагатай хамтран мэргэжлийн боловсролын байгууллагын хөгжлийн үе шатыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилгыг тодорхойлох хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Хэдэн жилийн өмнө хүүхэд, залуусын дунд МСҮТ, Политехник коллежид сурлагаар тааруухан хүүхдүүд ордог гэсэн ойлголт байсан. Үүнээс үүдэн нийгэмд зарим ажлын байр эзгүйдэж, хөдөөгийн зах зээл дээр их сургуулийн диплом тэвэрсэн ажилгүйчүүд нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ удаа энэ салбарыг зөв бодлогоор хөгжүүлж, нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил болон тухайн компанид шаардлагатай боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх талаар тэд ярилцсан юм.

Энэ талаар ХНХЯ-ны Мэргэжлийн сургалт бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга А.Халиунаа “МСҮТ болон Политехник коллежид муу хүүхдүүд ордог гэдэг өрөөсгөл ойлголт байдаг. Хүүхэд өөрийнхөө сонирхол, чиглэлээр мэргэжил эзэмших гээд ирсэн бол амжилт гаргадаг. Үүний нэгэн жишээ бол сая болсон дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс гурав дахь удаагаа оролцож, Б.Оюун-Эрдэнэ гагнуурын чиглэлээр нийт 38 улсаас 12-т жагссан. Мөн дэлхийн стандартыг биелүүлж медаль авсан. Элсэлтийн тал дээр төрөөс анхаарч ажиллаж байна. Тухайлбал, гурван жил тасалдсан тэтгэлгийг энэ оны нэг сараас олгож эхэлсэн. Мөн ирэх оны төсөвт уг тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох төсөл гаргасан. Багш нарын хувьд үр дүнгийн урамшуулал авдаг болсон гэх мэтчилэн олон ажлыг хийж байна” гэсэн юм. Өнгөрсөн сард болсон “Залуучуудын чуулга уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Залуусаа МСҮТ болон Политехникийн коллежид суралц тэнд ажлын байр байна. Нэг сайн гагнуурчин хайхад олддоггүй. Харин гудмаар дүүрэн хуульч байгаа” гэж байсан. Харин одоо мэргэжлийн боловсролын салбарын хоёр дахь шинэчлэлийн үе эхэлж байгаа. Тоног төхөөрөмж болон багшийг сургах, хөтөлбөрийг шинэчлэх асуудал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ. Мөн одоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан чанартай ажилчид бэлтгэх нь чухал байгаа. Ингэхийн тулд хувийн хэвшлүүдийг хамтарч ажиллаасай гэдгийг манай сониноор уламжилсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хиромичи Катаяама “ЮНЕСКО мэргэжлийн боловсролын байгууллагын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн асуудалд үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу олон улсын экспертүүд ирж ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байгаа чадваруудыг тодорхойлж түүний дагуу сургалт явуулах болон ямар ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байгаа тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр залуучууд хөдөлмөр эрхлэх боломжтой болж, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангах боломж бүрдэх юм” гэв. ЮНЕСКО-гийн сургалтын байгууллагуудын зүгээс Монголын хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлүүдээр ур чадвартай боловсон хүчин бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж олон улсын зөвлөхүүдийг авчирч ажиллуулна гэдгээ энэ үеэр хэлж байсан юм. Мөн  МСҮТ болон Политехникийн коллежид чанартай боловсон хүчин бэлтгэхэд яамдуудын харилцаа холбоо, уялдаатай ажиллах нь чухал гэдгийг онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.25  ЛХАГВА  №190  (6157)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ