Францын компани монголчуудыг үхэлд хүргэж байна

2019-09-20

Р.ОЮУН

“Босоо хөх монгол” ТББ-аас Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 300 га газрыг 60 жилээр хятадуудад өгсөн талаар газар дээр нь очиж ажилласан. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд “Намгүй монгол”, “Эвийн хүч эх нутгийн төлөө”, “Эрс шинэчлэл”, “Урангүй монгол” ТББ-тай нэгдэж ажилласан талаараа мэдээлэл хийсэн юм. Дэлхийн олон орныг эрэмдэглэсэн Францын “Бадрах энержи” компани Монголд ирж үйл ажиллагаа явуулж байна. Тус компани хайгуул хийж байгаа нэрээр олборлолт хийгээд эхэлсэн байна. Үүний үр дүнд Монголын хуулиар хамгаалагдсан хүн, мал аюултай, гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Энэ талаар оролцогчид юу гэж хэлсэн талаар хүргэж байна.

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг: Шаамар суманд худгууд нь хятад хүний хувийн өмч болсон байна

-Манай байгууллага Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Засаг дарга Баярбаатарын захирамжаар “Сэлэнгэ үндэс” компанид 60 жилийн хугацаатай 300 га газрыг эзэмшүүлэхээр өгсөн байдаг. Энэ компани нь ашиглалтынхаа зөвшөөрлийг хууль бусаар ашиглаад 300 га газрынхаа талыг Хятадын компанид нэр шилжүүлж, худалдсан. “Ирэвгэр жирэвгэр” компани нь эмийн ургамал тарина гэж авчихаад зориулалтаа буруугаар ашиглаж өөрийн төрлийн ургамал, ногоо тарьж атар газрыг хагалсан асуудлаас болж нутгийн иргэд бидэнд хандаж мэдээлэл өгсөн. Тэнд бид нутгийн хөдөлгөөнүүдтэй хамтарч газар дээр нь очиж ажилласан. Ийм явдал үнэхээр болсон байна лээ. Аймгийн Засаг даргад энэ талаар хандаж шаардах бичгээ өгсөн. Аймгийн Засаг дарга, Тамгын газар шуурхай ажиллаж “Сэлэнгэ үндэс” компанийн 60 жилээр газар эзэмших эрхийг цуцалсан. Үүнд нутгийн иргэд, тариаланчид баяртай байгаа. Тэнд бүр хятад нинжанууд байна лээ. Шаамар сумын төвд гурван худаг байдаг. Гэтэл энэ худгууд хятад хүний хувийн өмч болсон байна. Төрийн байгууллагууд, иргэд хятадуудаас цэвэр усаа худалдан авч хэрэглэдэг болжээ. Энэ нь монгол хүний эрүүл амьдрах, хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэхэд баталгаагүй болсон байна. Гэтэл бидэнтэй хамтраад ажиллах байгууллагууд алга. Бид чадах чинээгээрээ явж байгаа. Энэ бүгдийг аль болох ил гаргаж мэргэжлийн хяналтын байгууллага, ЦЕГ, аймаг, сумын ЗДТГ-т нь хандаж бичгээр хүсэлтээ гаргаж, шаардах бичгээ өгч хөндлөнгөөс хяналтаа тавиад хариугаа хүлээж байна.

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд хил дамжсан Францын “Арева” компани одоо “Бадрах энержи” компани гэж нэрээ сольсон атлаа хэвээр байна. Эрэмдэг зэрэмдэг төрсөн хурга, ишиг, ботго гарсан айлууд болон олон хүүхэд зулбасан айлуудтай уулзахад нэг худгаас гурван айлын гурван эхнэр зулбажээ. Тэнд амьдарч байгаа монголчууд “Арева” компанийн мэдэлд орсон байна. Тэнд ганцхан ураны уурхай байдаг юм байна. Хөгшчүүл нь эцэг өвгөдөөс өвлөж ирсэн газар нутагтаа л амьдарна, харин үр хүүхдүүд маань энд амьдарч болохгүй шүү гэж захьдаг болсон. Өрөвдөлтэй жишээ олон байлаа. Тэр газар нутаг дээр аймаглан устгах ажиллагаа явагдаж байна. Хүн, мал нь өсөхөө байлаа.

“Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн н.Хөхөө: Монголын 3.2 сая хүн сөнөх үү, амьд үлдэх үү

-Би Дорноговь аймгийн Сайншандад төрж өссөн хүний хувьд эх орон, монголчуудаа аврахын тулд олон ТББ, иргэний хөдөлгөөнийг манай нутагт байгаа элэг нэгт монголчууд маань ямар байдалд орсныг ирж үзэхийг урьсан. Нутаг орныг маань анхааралдаа авч гамшгийн байдлаас гаргаж, онцгой байдал зарлаж өгөөч ээ. Улаанбадрах сум Чернобылийн хэмжээнд очсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ сумаас Францын “Арева майнс”-ыг гаргах хэрэгтэй. Монголын 3.2 сая хүн сөнөх үү, амьд үлдэх үү гэдэг хутганы ирэн дээр байна. Улаанбадрах бараг оройтсон гэдгийг мэргэжлийн хүмүүс юу гэж дүгнэх нь вэ. Тиймээс нутаг орныг минь анхааралдаа авч, Францын компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, ард түмнийг аварч өгөөч ээ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төр, засаг, монголчуудаасаа хүсч байна. Хэлмэгдсэн гол хүмүүс нь малчид.

“Урангүй монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч н.Хундаганаа: Монгол Улс Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаянгийн хүмүүсийг золиосонд гаргасан

-Улаанбадрах суманд үүссэн гамшгийн тухай 700 гаруй хүнтэй том бүлэг гурав хуваагдаж ажилласан. Энэ сумын “Арева” компанийн уран хайгуул туршилтын олборлолт хийснийг эсэргүүцэж бид 2011-2015 оныг дуустал идэвхтэй ажилласан. Үүнийг олонд хүргэсэн. Гэвч өнөөдөр бүр гамшгийн байдалд хүрлээ. Монгол Улс Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаянгийн хүмүүсийг золиосонд гаргасан байна. Бид эх орон, газар шороо, хүн ардынхаа төлөө очиход цагдаагийн байгууллага нь бүрэлдэхүүнээр очиж “Арева” компанийг хамгаалсан. Тиймээс бид дайрч орсон. Та нар туршилт гэдэг үгийг ойлго. Хэрэв үйлдвэр байгуулсан юм бол баяжуулах үйлдвэр гэж байгуулах ёстой. Яагаад туршилтын үйлдвэр гэж байгуулж байгаа юм бэ. Монголоор тоглож байна. Энэ ажиллагаа одоо Сүхбаатарт үргэлжлэх гэж байна. Байгаль дээр байгаа ураныг идэвхжүүлээд хаячихаар задрал явагддаг. “Арева”-гийнхан манайд тайлбарлахдаа энэ задралын элементүүд их бага байдаг гэж ярьж байгаа. Нэг кг уран авахын тулд 600 метр куб шороо ухаж авахад 99 хувь нь хортой цацрагтай болж үлдэнэ. Тэгэхээр бүгд цацрагаар өвчилсөн байгаа. Уушги, амьсгалын зам, усаараа өвчилсөн гэсэн үг хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn  

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ