Их хуралд хүргэх үг мину

2019-09-20

Ринченгийн БАРСБОЛД

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн

 

I. Шинжлэх ухааны хүрээнд:

1.Шинжлэх ухааны нэр төрийг дээшлүүлэх. Энэ нь судлаач, эрдэмтдийн нэр хүндтэй салшгүй холбоотой. Нэр төр өргөх гол аргын нэгд эрдэм шинжилгээний ажилтны цалин хангамж орно.

2.Судалгааны ажлын төсөв сайжралгүй он удаан жил үргэлжилсэн нь эрдэм шинжилгээний өгөөж, үр дүнд муугаар нөлөөлж буйг анхаарах.

3.Судалгааны ажлын өгөөж, үр дүнгээрээ олон улсын түвшинд ажиллаж байгаа эрдэм судалгааны байгууллагыг батжуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

4.Дээд байгууллагаас захиалгаар гүйцэтгүүлдэг шинжилгээ судалгаан дээр нийгэм-эдийн засаг, байгаль хамгаалал, нийт олныг хамарсан үр өгөөжтэй төсөл боловсруулж, дэвшүүлсэн болоод гүйцэтгэсэн төслийн шинжилгээний үндэслэлд үнэлгээ өгөх асуудлыг олон улсад тогтсон арга замаар ШУА-д хариуцуулах.

 

II. ШУА-д:

1.Хүрээлэнгүүдийн судал­гааны чиглэл, нөөц бололцоо, шинжилгээний чадавхийг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил, хэрэгцээ, төлөвтэй уялдуулж, үр өгөөжийг дээшлүүлэхүйц төсөв, судалгааны өргөжилт, онол арга зүй, лабораторийн нөхцлийг тусгасан зохион байгуулалт хийж хэрэгжүүлэх.

2.ШУА, их сургуулиудын шинжлэх ухаан-сургалтын холбоо харилцаанд тэнцүүлэх хуваарилалт хийж, ШУА-д харьцангуй богино хугацаанд өгөөж, үр дүнд хүрч болохуйц, хүрэх хэрэгцээтэй шинжилгээний салбарыг, их сургуульд мэргэжлийн нарийн сургалт болон ирээдүйн төлөвт хэрэгцээтэй салбарыг тус тус төвлөрүүлж хөгжүүлдэг олон улсын арга хэлбэрийг хэрэгжүүлэх. Энэ нь хөгжиж байгаа улс оронд хамгийн тохиромжтой, тодорхой нөхцөлд шинжлэх ухаан, сургалтыг зүй ёсоор хөгжүүлэх арга зам болж ЮНЕСКО-гийн дэмжлэг авсаар иржээ.

3.Манайд техник-технологийн цөөнгүй чиглэлийн цогц нэгдлийг хөгжүүлж чадахуйц боломжтой шинжилгээний төвийн шаардлага их байна. Инновацийг техник-технологийн төвд үүсгэн боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү үр дүнтэй гэсэн байр суурь олон улсын хүрээнд хэрэгжсээр байгааг анхаарах.

4.Их, дээд сургуульд шинжлэх ухаанд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх боломж ихээхэн хязгаарлагдмал байна. ШУА-ийн дэргэд их сургууль байгуулж, Монгол Улсын шинжлэх ухааны боловсон хүчнийг үл мэдэх бакалавр-магистраас сонгох биш, ердийн их сургуулийнхнаас тухайлах ялгаатай, мэргэжлийн онцлогийг илүү тусгасан хичээлийн  тусгай хөтөлбөрөөр сургаж боловсруулдаг олон улсын туршлагыг авах цаг болжээ. Урлагийн цөөнгүй салбар, спортын нэгэн адил шинжлэх ухаанд ч бас авьяас чадвар, их зүтгэл, мэргэжлийн сайн сургалт хэрэгтэй.

 

III. Их, дээд сургуулиудад:

1.Монгол Улсын их сургуулиуд олон улсын хэмжээнд “рейтинг” тогтоодог журамд шилжин орж, уг ажлыг голлон гүйцэтгэдэг олон улсын холбогдох байгууллагын тогтвортой ажиллагаанд нь оролцож, гарсан үр дүнг ил тодоор нийтлүүлж, ололт амжилт, дутагдал, цаашдын хөгжлийн чиг баримжаа, нөхцөл боломжоо үл хамаарах төвүүдээр тодорхойлуулдаг олон улсын журмыг дагах.

2.Тухайн чиглэл, тодорхой мэргэжлийн сургалтыг манай улсын өнөөгийн бүхнийг хамрах “болоны сургалтын” журмаар биш, тухайн мэргэжлээр бэлтгэхэд тохиромжтой цаг хугацааг үндэслэлтэй тогтоож, сургалтын хөтөлбөрийг шинэчилж, эрчимтэй сургалт зохион байгуулах. Өнөөгийн шинжлэх ухаан, инновацийн эрчимтэй хөгжлийн явцад сургалтыг мэргэжлийн онцлог, шаардлага харгалзахгүй уламжлалт нэг л замаар, нэг янзаар зохион байгуулах нь ихээхэн учир дутагдалтай байна гэж шүүмжилсээр байгаа арга замыг үхширтэл баримтлах нь орчин үеийн дэвшилтэт хандлагатай үл нийцнэ.

3.ШУА, гол их сургуулиудын холбоо харилцаа муу, эрдэмтдэд хичээл заах боломж хаалттай байсаар байгаа нь их сургуулиуд хэт олон профессор, доктортой болсонтой холбоотой байх. Урьд үед ШУА-ийн эрдэмтэн их сургуульд хичээл зааж байсныг оюутнууд илүү сонирхож, илүү үнэлж байлаа. Сайн эрдэмтнийг юун түрүүнд багшлуулах, сургалтын ажилд татан оролцуулах, цаашид лаборатори, тэнхимийн эрхлэгч, декан, наад зах нь эрдмийн зөвлөлийн гишүүн, багш нарын судалгааны ажлын удирдагч болгож эрдэмтэн төрүүлэх ажилд өргөнөөр татан оролцуулахыг олон улсын хэмжээнд нэн эрхэмд үзэж хэрэгжүүлж иржээ. Шинжлэх ухааны зарим чиглэлээр тухайн эрдэмтэд багш нараас илүү мэдлэг туршлагатай, тэргүүлэх чадвартай байдаг гэж олон улсын шинжлэх ухааны практикт онцлон үздэг. Тэр тусмаа ШУА-д их сургуулиудад байхгүй нарийн мэргэжлийн салбараар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн цөөнгүй байхад, тэднийг үл тоон сургалтын ажлаас хөндийрүүлсээр байгаад холбогдох яам, эрх мэдэлтнүүдээс хариу нэхэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.20  БААСАН  №187  (6154)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Танд сайн сайхныг хүсье. Таны, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь: – Дэлхийн болоод Монголын палеонтологийн шинжлэх ухаанд нэн чухал энэ газар нутгаар нүүрс тээврийн авто зам байж яавч болохгүй, энэ замыг тавих гэж байгаа хүмүүс яавч монгол хүн биш гэж дүгнэлт өгч байсан, Баянхонгор аймгийн Шинэжинстийн Хотгорын нүүрсний уурхайгаас Гурвантэсийн Шивээ хүрэнгийн боомт хүртэл тавих гэж байсан нүүрс тээврийн зам зогссон байж байгаад энэ тухай асуудал дахин яригдаж эхэлсэн байна. Үүнийг та сонссон уу. Энэ бол үнэхээр хууль бус,  Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг бүдүүлгээр зөрчсөн, авилга, хуйвалдаанаар бий болж байгаа төсөл шүү.

Холбоотой мэдээ