Даатгалгүй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ

2019-09-20

Б.БАЯРЖАВХЛАН

Засгийн газрын нээлттэй хаалганы Хууль зүй, дотоод хэргийн яамаар үргэлжилж байна. Энэ үеэр Төрийн тусгай хамгаалалттай иргэдийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэд сахар, биеийн жингийн индекс тодорхойлох болон хэвлийн эхо, даралт үзэх үйлчилгээг хийж байв. Мөн сэтгэл зүйн болон өвчний үеийн зөвлөгөө өгөхөөс гадна Төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгт үзүүлэх иргэдийн дугаарыг бүртгэн, цаг өгч байлаа.

 

Завгүй болон эрүүл мэндийн дэвтэргүй иргэдэд хэрэгтэй үйл ажиллагаа боллоо

 

Энэ талаар Баянзүрх дүүргийн  V хорооны иргэн Б.Долгор “Дотор болон хэвлийн эход үзүүллээ. Ажил ихтэй байдаг учраас үзүүлж чаддаггүй. Өнөөдрийн өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчдын эмнэлгээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд хамрагдлаа. Завгүй болон эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй хүмүүст хэрэгтэй үйл ажиллагаа болжээ. Мөн өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлагаа, сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг өгч байна. Сэтгэгдэл өндөр байна” гэсэн юм. Мөн шүүх, тээврийн цагдаа, замын цагдаа, дотоод хэргийн их сургууль, ХХЕГ өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан юм. Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ял. Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын талаар болон хуулийн зөвлөгөө, өр төлбөргүй, суллагдсаны лавлагаа авахаас гадна ялын  тодорхойлолтыг их авч байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад Л.Чойндонжамц ярьж байлаа. Мөн иргэдийн хаяж гээгдүүлсэн иргэний болон жолооны үнэмлэхийг өдөрт нь олгож байв. Гэхдээ банкинд торгуулийн болон үнэмлэх захиалах мөнгөө тушааж үнэмлэхээ авах тухай мэдээгүй иргэд урт цуваа үүсгэсэн байсан юм. Энэ талаар иргэн Сонгинохайрхан дүүргийн XXVII хорооны иргэн Д.Молор-Эрдэнэ “Иргэний үнэмлэх захиалахаар ирсэн. Цаг тухайд нь гаргаж өгч байгаа нь сайшаалтай боловч саар зүйл байна. Банкинд торгуулийн мөнгө төлж захиалахаа мэдээгүй иргэд энд дараалал үүсгэн цагаа үрж байна. Мөн мөнгө төлөхөө мэдээгүй хүмүүсийн ихэнх нь буцаж байна. Зав зайтай хүмүүст л зүгээр юм байна” гэж байв.

 

Гээгдүүлсэн жолооны үнэмлэхийг хаягаар хүргэдэг болжээ

 

Тэгвэл жолооны үнэмлэх болон оноо сэргээх тухай Цагдаагийн бүртгэл хяналтын төвийн тасгийн дарга Ж.Баярсайхан “Бид өмнө нь нээлттэй хаалганы өдөрлөг оролцохдоо тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэдийн материалыг бүрдүүлж авдаг байсан бол энэ удаа тухайн үнэмлэхийг газар дээр нь хэвлэн олгож байгаагаараа онцлог. Харин жолоочийн зөрчлийн 10 оноо нь дууссан бол жолоодох эрхийн лавлагааг ТҮЦ машинаас аваад зохих журмын дагуу сургалтад хамрагдаж оноогоо сэргээх боломжтой. Өнөөдөр сургалтад хамрагдлаа гэхэд ажлын гурав хоногийн дотор эрх нь сэргэнэ” гэв.  2019 оноос эхлэн “Монгол шуудан” ХК-тай хамтран иргэд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, солиулах шаардлагатай тохиолдолд жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нэвтэрсэн байна. Энэ хүрээнд жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд нь хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэж байгаа ажээ. Зам тээврийн осол гэмтээс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяны хүрээнд тээврийн цагдаагийн албанаас хамгаалалтын бүс зүүсэн болон зүүгээгүй тохиолдолд хэрхэн доргилт өгдөг талаар сургалт явуулсан. Уншигч танд сонирхуулахад энэ үеэр цагдаагийн байгууллагын дөрвөн гэр бүл хуримаа хийж байв. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй байлгах үүднээс Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахимаар таван төрлийн хүсэлтийг хүлээн авч байгаа ажээ. Мөн олон улсын нислэгээр зорчиж буй иргэдийн мэдээллийг урьдчилан харах аппликэйшн бэлэн болсон байна. Гадаадын иргэн, харьяат газар нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэн хянах болон гаргасан зөрчлийг хянадаг байгууллага юм. Үүнээс хувийн урилга олгох үйлчилгээг цахим болгожээ. Харин Архивын ерөнхий газрын хувьд архивын лавлагаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө, номын худалдаа сургалтыг зохион байгуулж байсан юм. Иргэдийн аюулгүй амьдрал, эх орныхоо төлөө амь нэгтэй зогсдог Хууль зүй, дотоод хэргийн яамны залуусын нэг өдөр иргэд бидэнд ажлаа танилцуулж өнгөрсөн нь энэ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.20  БААСАН  №187  (6154)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ