АНУ-ын хамгийн шилдэг тэргүүн хатагтай Элеонор Рузвельт

2014-02-17

Н.МӨНХЖИН

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн гэргий, 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн үеэл Элеонор Рузвельт Америкийн хамгийн шилдэг тэргүүн хатагтайгаар дахин шалгарлаа. Сиен коллеж болон C-SPAN телевизээс хамтран явуулсан санал асуулгад оролцсон эрдэмтэн, түүхчид ийнхүү үзсэн байна. АНУ-ын шилдэг тэргүүн хатагтайг тодруулах санал асуулга 1982 оноос хойш ийнхүү тав дахь удаагаа болж, бүгдэд нь Элеонор тэргүүлэв. Тэрээр феминист хөдөлгөөнийг дэмжиж, Freedom House хүний эрхийн байгууллагыг үүсгэхэд гар бие оролцож, Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг батлахад идэвхтэй оролцож байжээ. АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри Трумэн түүнийг “Дэлхийн тэргүүн хатагтай” хэмээн нэрлэж байв. Элеонор Рузвельт амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл улс төрд идэвхтэй зүтгэж байсан юм.

Шилдэг тэргүүн хатагтай нарын жагсаалтын хоёрдугаарт Ерөнхийлөгч Жон Адамсын гэргий Абигайл Адамс оржээ. 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн гэргий Жаклин Кеннеди гуравдугаар байранд орсон байна. АНУ-ын дөрөв дэхь Ерөнхийлөгч Жеймс Мэдисоны гэргий Долли Мэдисон, одоогийн тэргүүн хатагтай Мишель Обама, 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон нар араас нь жагсчээ. Энэ удаа 250 орчим түүхч, эрдэмтэн, улстөрчдийн дунд санал асуулга явуулсан ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ