ЗГ: Ирэх жил гурилын үнэ нэмэгдэхгүй

2019-09-18

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2019.09.18/ хуралдаанаар ирэх жил гурилын үнэ тогтвортой байна гэдгийг мэдэгдлээ. Үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байгаа аж.

Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож байгаа зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлах зэрэг тариаланч, ногоочдын тавьсан санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах юм байна.  Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ