Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир-2

2019-09-18

Др. Л.Мөнх-Эрдэнэ

Түрүүч нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир

 

Юуны түрүүнд Мэдисон нар Үндсэн хуулийг хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах үндсэн хэрэгсэл болгосон юм. Тиймээс Мэдисон нар Конгрессод 1) Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэх эрх мэдлийг өгөөгүй төдийгүй, 2) зөвхөн Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох эрх мэдлийг олгосон юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг тусгайлан байгуулсан Үндсэн хуулийн хурлын (Convention) дөрөвний гурав, эсвэл холбооны нийт муж улсуудын дөрөвний гурав нь хууль тогтоох хурлуудаараа баталсан нөхцөлд л хүчин төгөлдөр болохоор хуульчилсан юм. Тиймээс хэдийгээр АНУ-ын Конгресс хоёр танхимынхаа тус бүрийн гуравны хоёроор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах эрхтэй ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй болсон юм. Энэ нь парламентын хууль тогтоох эрхийг Үндсэн хуулиар хязгаарласан хэрэг байв. Нэгэнт Үндсэн хууль эрх мэдлүүдийг хуваагаад, хуваарилчихсан тул Конгресс Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр эрх мэдлийн хуваалт, хуваарилалтад өөрчлөлт оруулах боломжгүй юм. Чухам энэ зохицуулалтын улмаас Конгресс нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн ба Шүүхийн эрх мэдлийг хасах, булаан авах боломжгүй болсон юм. Энэ нь АНУ-ын төрийн тогтолцооны тогтвортой байдлын төдийгүй, парламентын дарангуйлал үүсгэхгүй байх хамгийн хүчирхэг баталгаа юм. Улмаар Мэдисон нарын оруулсан Эрхийн тунхаг (Bill of Rights) хэмээх шүтэх бишрэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан, эсэргүүцлээ илэрхийлэх, зэвсэглэх зэрэг хүний болон иргэний эрхийн 10 нэмэлтийг 1791 онд баталснаар Конгресс нь мөн Эрхийн тунхагтай зөрчилдсөн хууль тогтоох боломжгүй болсон юм. Мөн Үндсэн хуулиар эрх мэдлийг хуваарилахдаа төрийн аливаа байгууллага, албыг байгуулах эрх мэдлийг зөвхөн Конгрессод өгсөн ч, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол байгуулагдсан байгууллага, албаны удирдлагыг зөвхөн Ерөнхийлөгч томилохоор тогтоосон нь Конгресс өөрийн эрх мэдлийн хүрээнд шинэ алба, байгууллага байгуулах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх боломжийг хаасан юм.

Дээрээс нь Мэдисон нар Үндсэн хуульдаа Конгрессын хууль тогтоох эрхийг хазаарласан гурван үндсэн зохицуулалт суулгаж өгсөн. Эхнийх нь аливаа хуулийн төсөл Конгрессын хоёр танхимын олонхын саналаар батлагдаж байж хууль болохоор хуульчилсан явдал. Хоёр танхим сонгогчдын өөр өөр хэсгээс (constituency) сонгогддог төдийгүй, сенатч нар 6 жилийн хугацаатай, төлөөлөгчид зөвхөн 2 жилийн хугацаагаар сонгогддог учир хоёр танхим харилцан бие биенээ хазаарлах хандлагатай. Сенатч нар хууль тогтоох болон төрийн бодлогын тогтвортой, залгамж чанарыг төлөөлж байдаг бол төлөөлөгчид нь ард нийтийн тухайн цаг үеийн хүсэл зориг, шаардлагыг илэрхийлдэг. Гэхдээ Сенатын гуравны нэг, Төлөөлөгчдийн танхимтай зэрэг сонгогддог учир тэдгээр сенатч нар нь шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн танхимтай ижил төстэй уур амьсгал, эрх ашиг, сонирхлыг тусгаж байх магадлалтай. Гэвч хоёр болон дөрвөн жилийн өмнө сонгогдсон сенатч нар өмнөх бодлогын залгамж, тогтвортой байдлыг тусгах хандлагатай. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа тэр бүр хувьсганаж, савладаггүй болсон юм. Конгрессын хууль тогтоох эрхийг хазаарласан хоёр дахь хүчирхэг зохицуулалт нь Ерөнхийлөгчийн хориг. Хоригийг хоёр танхим тус бүрдээ гуравны хоёроос дээших саналаар няцаах учир Ерөнхийлөгчийн хориг тун үр дүнтэй хазаар болдог. Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар сонгогддог учир өөрийн бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Конгрессын хууль тогтоох бодлогыг өөрийн бодлогод уялдуулах, нийцүүлэх зорилгоор хориг тавьдаг. Энэ нь мөн л хууль тогтоох үйл ажиллагааг бодлогын залгамж, тогтвортой байдал уруу түлхдэг. Конгрессын хууль тогтоох үйл ажиллагааг хазаарласан гурав дахь зохицуулалт нь Дээд Шүүхийн хэрэгжүүлдэг Үндсэн хуультай зөрчилдсөн хууль, тогтоомжийг хүчингүй болгох эрх. Эл бүх хязгаарлах, хазаарлах зохицуулалт нь парламентын дарангуйлал үүсэх хаалгыг үндсэндээ хаасан гэхэд болно.

Конгресс татвар ногдуулах, төсөв батлах, хуваарилах зэрэг улсын санхүү, мөнгө, сан хөмрөгтэй холбоотой бүх шийдвэрийг гаргах ч, өөрөө эсвэл парламентын засаглалынх шиг өөрийн томилсон кабинет засгийн газраараа зарцуулдаггүй харин Конгрессоос огт хамааралгүй тусдаа байгуулагдсан Ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж батлагдсан, хуваарилагдсан төсвийг зарцуулдаг учир Конгрессод эрх мэдлээ урвуулан улсын сан хөмрөгийг зүй бусаар ашиглах боломж байхгүй. Харин Конгресс нь баталсан, хуваарилсан төсөв, хөрөнгийг нь засгийн газар зөвхөн зорилгынх нь дагуу үр ашигтай зарцуулж байна уу гэдгийг тун хартайгаар ажиглаж, шалгаж байдаг. Үндсэндээ Конгресс улс орны тун хартай нярав нь, нягтлан бодох нь, санхүүч нь, санхүүгийн байцаагч нь гэсэн үг. Тиймээс энэ тогтолцоонд парламентын засаглалынх шиг найзан дундаа найрлах, хуваан идэх тухай ойлголт байхгүй. Тиймээс ч энэ тогтолцоо нь хамгийн цэвэр тунгалаг засаглал.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАРАНГУЙЛЛЫГ СЭРГИЙЛСЭН НЬ

 

Парламент хэсэг бүлэг хүмүүсийн дарангуйллын аюулыг бий болгож байдаг бол ард түмнээс сонгогдсон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч нь сонгогдсон нэг хүний дарангуйллын аюул. Тиймээс Мэдисон нар гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн хязгаарлаж, хазаарлаж Ерөнхийлөгчийн дарангуйлал үүсэх үүд хаалгыг хэрхэн хаасныг авч үзье. Мөн Ерөнхийлөгч нь эрх мэдлээ урвуулан өөрөө хөрөнгөжихийн тулд авилга, хээл хахуульд өртөх, тэр ч байтугай гаднын нөлөөнд орж улс орны эрх ашгаас урваж ч болох (Ерөнхийлөгчийн эрхийг Ц. Элбэгдорж урвуулан ашигласан нь үүний жишээ). Мэдисон нар энэ аюулыг хэрхэн хязгаарлаж, хазаарласан бэ?

Юуны түрүүнд Ерөнхийлөгчид хориг тавихаас өөр хууль тогтоох эрх мэдэл байхгүй. Тиймээс Ерөнхийлөгч хууль тогтоох замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх, Конгресс ба Шүүхийн эрх мэдлийг булаан авах боломжгүй. Мөн Ерөнхийлөгчид төрийн ямар нэг алба байгуулах, санхүүжүүлэх эрх мэдэл байхгүй. Төрийн аливаа алба, байгууллага байгуулах эрх мэдэл зөвхөн Конгрессод бий. Мөн бүх татварын болон төсвийн эрх мэдэл зөвхөн Конгрессын мэдэлд. Бүх зэвсэгт хүчнийг байгуулах, тараах, татан буулгах, санхүүжүүлэх эрх ч мөн Конгрессод. Тиймээс Конгресс төр ямар албадтай байх, тэдгээр албад нь ямар санхүүжилттэй байх, улс орон ямар зэвсэгт хүчинтэй байх, тэр нь ямар санхүүжилттэй байхыг шийддэг юм. Тиймээс Ерөнхийлөгчийн дарангуйлал тогтох боломж үндсэндээ үгүйсгэгдсэн гэсэн үг.

Одоо Ерөнхийлөгчийн авилга, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан хэрэглэх асуудлыг Мэдисон нар хэрхэн сэргийлснийг авч үзье. Мэдисон нар Үндсэн хуулиараа зөвхөн Ерөнхийлөгчид буюу нэг хүнд, бас зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийг олгосон. Нэг хүний үйл ажиллагааг нэгэнт тогтоосон хуулийн үүднээс хянах хялбар. Нэг хүний үйл байдлыг түмний нүд хянах ч хялбар. Ялангуяа тусгайлан хянах, хариуцлага тооцох үүрэгтэй Tөлөөлөгчдийн танхимын гишүүд ард түмний хурц нүд, дуран хараа болдог. Тиймээс Ерөнхийлөгчийн аливаа үйлдэл хэвлэл, мэдээлэл, ард түмэн, конгрессын анхаарлын төвд, хараа хяналт дор байдаг. Та бүхэн АНУ-ын Ерөнхийлөгчийн бараг үйлдэл бүр мэдээллийн анхаарлын төвд байдгийг анзаарсан байх. Энэ бүхэн хяналт. Мөн Конгресс Засгийн газрын аливаа албан тушаалтнуудын эрх, үүрэг, тавигдах шаардлага, томилох процедурыг ч тодорхойлох эрхтэй. Мөн Конгресс бүх төсвийг баталдаг, шаардлагатай гэж үзвэл аливаа санхүүжилтийг Конгресс зүйл бүрээр нь маш нарийн хуваарилж, зохицуулж ч болно. Мөн Конгресс хянах шалгах эрх мэдлийнхээ хүрээнд төсвийн зарцуулалтад аудит хийх, хууль бус болон зохист бус үйл ажиллагааг шалгах, мэдээлэх зэрэг эрх мэдэлтэй Төр засгийн Хариуцлагын Алба (Government Accountability Office) хэмээх хүчирхэг байгууллагыг ажиллуулдаг. Мөн шаардлагатай гэж үзвэл Сенатын танхим ч, Төлөөлөгчдийн танхим ч Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийн аливаа алба, үйл ажиллагааг шалгах эрхтэй. Хамгийн гол нь Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч хэнийг ч авилга, хээл хахууль, улс орны эрх ашгаас урвасан болон бусад гэмт хэрэг болон зүйд үл нийцэх үйлдэл гаргавал Төлөөлөгчдийн танхим импийчмент хийнэ. Төлөөлөгчдийн танхим засгийн газрын сайд нарын томилгоонд мөн л оролцдоггүй учир, намын харьяаллыг эс тооцвол, тодорхой сайд нарыг хамгаалаад байх эрх ашиг тэдэнд тэр бүр байхгүй. Мөн импийчмент хийхэд Төлөөлөгчдийн олонхын санал л хангалттай. Импийчмент хийгдсэн этгээд шившигтэйгээр албан үүргээсээ зайлуулагддаг төдийгүй, цаашдаа хийсэн гэмт хэрэгтээ шүүхээр шүүгдэж хуулийн хариуцлага хүлээдэг. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч ба Засгийн газрын гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль, авилгад өртөх боломж тун хязгаарлагдмал.

Харин парламентын засаглалд бол хууль тогтоох болон гүйцэтгэх хоёр эрх мэдэл хоёулаа парламентын олонхынх болдог. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглалд зөвхөн нэг хүнд зөвхөн гүйцэтгэх эрх мэдэл очдог бол парламентын засаглалд зохион байгуулалттай бүлэг хүмүүст хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрх мэдэл хоёулаа очдог. Нэг хүнийг хянахаас зохион байгуулалтай бүлэглэсэн олон хүмүүсийг хянах тун төвөгтэй. Тэр ч байтугай зохион байгуулалтай бүлэг хүмүүс өөрсдийн төрөл садан, хамааралтай этгээдүүдээр төр, засгийн албыг бүхэлд нь “эзлэх” ч аюултай. Дээрээс нь уг зохион байгуулалтай бүлэглэсэн хүмүүс өөрсдөө хууль тогтоодог, өөрсдөө түүнийгээ хэрэгжүүлдэг бол хянах боломж огт байхгүйтэй адил. Учир нь тэд хууль тогтоох эрх мэдлээ луйвар хийх зэвсэг болгон хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл тэд хуулийг луйвар, тонуулын хэрэгсэл болгодог буюу хуульчлагдсан луйвар, тонуул хийдэг гэсэн үг. Жишээ нь Эдийн засгийн өршөөлийн хууль гэж гаргаад өөрсдийнхөө хууль бус орлогоо хуульчилж болно. Эсвэл Татварын өршөөлийн хууль гэж гаргаад өөрсдийн хамааралтай компаниудын татварын өрийг өршөөж болно. Эсвэл концессын гэрээ, ЖДҮ-ийн зээл гэж бий болгоод өөрсдөдөө хувааж аваад, мөнгө хүүлээд түүнийгээ хав дарчхаж болно. Үндсэндээ парламентын засаглалд ард түмэн улсын сан, хөрөнгөө зохион байгуулалттай бүлэглэлд өгөөд өөрсдөө нүдээ аниад явдаг гэж хэлж болно.

 

ЧАДВАРЛАГ, ХҮЧИРХЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ БАЙГУУЛСАН НЬ

 

Ерөнхийлөгчийн засаглалд хариуцлагын тогтолцоог өндөрсгөсөн өөр нэг чухал зохицуулалт бол Засгийн газрын гишүүдийн томилгооны зохицуулалт. Хэдийгээр Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог, хэдийгээр Засгийн газрын бүх шийдвэр эцсийн эцэст Ерөнхийлөгчийн шийдвэр байж, аливаа шийдвэрт эцсийн эцэст Ерөнхийлөгч хариуцлага хүлээдэг ч Ерөнхийлөгч засгийн газраа өөрийн үзэмжээр томилох эрхгүй. Одоогийн Монголын улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагчдын улайран зүтгүүлж байгаа сайд нараа зөвхөн өөрийн үзэмжээр томилох, огцруулах эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай харьцуулбал АНУ-ын Ерөнхийлөгч ард түмний “тэргүүн зарц” (first servant) бол харин Монголын “мэргэдийн” зүтгүүлж байгаа Ерөнхий сайд бол харин хэмжээгүй эрхт дарангуйлагч. Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нараа томилохдоо парламентын засаглалын Ерөнхий сайд шиг намынхаа гишүүдтэйгээ сайд нарын суудлаа найзан-найран дундаа бялуу мэт хуваагаад, наймаалцаад бялуу хуваалцсан “хам-хэрэгтнүүдээрээ” дэмжүүлчихдэггүй.

Эсрэгээр Ерөнхийлөгч сайд нарынхаа нэрсийг дэвшүүлж Сенат нэр дэвшигч бүрээр нээлттэй сонсгол хийж, ард түмний нүдэн дээр тэдний мэдлэг чадвар, ажлын туршлага, намтар, ёс суртахууныг асуун тодруулж, шүүн хэлэлцэж, ам өчгийг нь авч байж эцэст нь санал хурааж олонх нь дэмжсэн тохиолдолд л Ерөнхийлөгч нэр дэвшигчийг сайдаар томилдог. Конгрессын гишүүд засгийн газрын гишүүн байх боломжгүй учир Сенат Ерөнхийлөгчтэй бялуу хуваах, найзлах, найрлах, наймаалцах боломж байхгүй. Нөгөө талаар Сенатын олонхыг нь Ерөнхийлөгчийн эсрэг намынхан бүрдүүлж байх нь ч бий. Тиймээс Ерөнхийлөгч аливаа сайдад нэр дэвшүүлэхдээ тухайн салбарын шилдгүүдийг дэвшүүлэхээс өөр аргагүй болдог. Тиймээс ч Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх хүмүүсээ тун нухацтай шилж сонгох процессоор (clearance and vetting process) тодруулах хэрэгтэй болдог. Чухам эл учир Америкийн сайд нар (secretary буюу туслах гэж нэрлэдэг) салбар салбарынхаа шилдгүүдийн нэг байдаг. Тийм учир АНУ-д дан ганц улс төрчид биш харин салбар салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, бизнесийн лидерүүд, генералууд сайдаар томилогддог. Энэ нь манайхны яриад байдаг нөгөө “мэргэжлийн засгийн газрыг” жинхэнэ утгаар нь бий болгодог гэж хэлж болно. Нэгэнт Засгийн газар нь салбар салбарын лидерүүдээс бүрддэг, тэднийг томилох үйл явц өндөр шүүлтүүрээр явагддаг учир, Засгийн газар нь Ерөнхийлөгчийн эрх мэдлээ урвуулан ашиглах боломжийг ч хязгаарладаг. Тиймээс ч Засгийн газрын сайд нар нь Ерөнхийлөгчийн бодлого, засаглах арга барилтай санал нийлэхгүй нөхцөлд өөрсдөө огцрох нь ч түгээмэл. Эцсийн эцэст эдгээр томилогдсон сайд нар нь Төлөөлөгчдийн танхимын хурц хараа хяналт дор ажиллах бөгөөд, нэг талаас Төлөөлөгчдийн танхимын импийчментийн, нөгөө талаас Ерөнхийлөгчийн чөлөөлөх аюул дор ажилладаг учир, нэр төрөө алдаж шившиг болж дуусахыг хүсэхгүй л бол тэд ажил үүргээ нэр төртэй биелүүлэхээс өөр аргагүй болдог.

Тиймээс үнэндээ АНУ-ын Засгийн газрыг Ерөнхийлөгч дангаараа байгуулдаггүй. Ерөнхийлөгч, Сенат хоёр хоёулаа оролцож, тэгэхдээ Ерөнхийлөгч нь санаачилж, Сенат нь шүүн тунгааж, Төлөөлөгчдийн танхимын болон ард түмний хараа хяналт дор байгуулдаг. Харин Ерөнхийлөгч нь сайд нараа өөрийн үзэмжээр чөлөөлдөг. Ерөнхийлөгч сайд нараа чөлөөлөх эрх мэдэл байхгүй бол Ерөнхийлөгч сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй байх болно. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ард түмнээс ургадаг бол, сайд нарын эрх мэдэл Ерөнхийлөгчөөс ургах. Тиймээс Ерөнхийлөгч ард түмнээс эрх мэдлээ авч, ард түмний өмнө хариуцлага хүлээдэг бол сайд нар Ерөнхийлөгчөөс эрх мэдлээ авч, Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээдэг. Энэ бол эрх мэдэл, хариуцлагын ардчилсан зарчим, гинжин холбоос. Харин Сенатын шүүлтүүр, дэмжлэг нь Засгийн газрыг Ерөнхийлөгч өөрийн үзэмж, дур зоргоор байгуулахаас сэргийлдэг төдийгүй улс орны засгийн газар ард олны итгэл найдварыг даахуйц байхын дээр, холбогдох салбараа чадварлаг удирдахуйц шалгарсан шилдгүүдээс бүрдсэн байх явдлыг хангаж өгдөг.  Тиймээс АНУ-ын засгийн газар нь парламентын олонх болсон намын гэхдээ тухайн парламентын гишүүн “давхар дээлтэй”, найраа бялуу хуваах, наймаалцах зарчмаар томилогдсон “мэргэжлийн намчин-улстөрчдийн намын засгийн газар” бус харин улс орны шилдгүүдээс бүрдсэн үндэсний мэргэшсэн засгийн газар болж хувирдаг.

Эцэст нь энэ тогтолцоог хамгийн хүчирхэг болгодог гол зүйл нь Ерөнхийлөгчийн сонгууль, түүний тогтмол сонгуульт хугацаа. Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ лидерийг, удирдагчийг шалгаруулах, шилэх, төрүүлэх үйл явц байдаг. Нас, оршин суулт, иргэншлийн шаардлагыг хангасан хүн хэн ч сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломжтой учир сонгууль нээлттэй өрсөлдөөн. Зүйрлэвэл манай улсын наадамд бүртгүүлсэн бөх, морь бүхэн барилдаж, уралддагтай адил. Харин манай бөх шиг ам авч өөртөө илт давуу боломж авах боломж байхгүй. Харин эсрэгээр чухам шилдэг, хүчирхэгүүд нь үргэлж хоорондоо тулдаг тун үзүүштэй наадам. Ерөнхийлөгчийн уралдаанд (presidential race) хэн шилдэг, хэн хүчирхэг нь ялдаг, түрүүлдэг. Тиймээс манай хурдан морины уралдаантай зүйрлэх нь илүү тохиромжтой. Парламентын сонгууль шиг олны хүчинд дулдуйддаггүй. Нэгэнт сонгуульд нам хэмээх нэргүй, нүүргүй, зүсгүй, эзэн биегүй, зан чанаргүй бүлэглэл бус харин нэртэй, зүстэй, нүүртэй, эзэн биетэй, зан чанартай хувь хүмүүс өрсөлддөг учир өрсөлдөөн эцсийн эцэст нэр дэвшигчийн өөрийнх нь бодлого, ухаан, чадвар, зан чанараас шууд хамаардаг. Тиймээс сонгогчид хэн нь ямар удирдагч вэ гэдгийг мэдэж, хэнийг сонгох, хэнд хувь заяагаа даатгахаа мэдэж байдаг. Тиймээс Америкийн 45 ерөнхийлөгч бүгд Ерөнхийлөгч болсноороо биш харин Ерөнхийлөгч болохдоо лидер байсан. Ерөнхийлөгчийн алба тэдэнд лидершифээ улс орныхоо төлөө хэрэглэх боломжийг л олгосон. Энэ нь Америкийн хүчирхэгжилийн нэг суурь. Тухайлбал, 1776 онд АНУ тусгаар тогтносноос хойших хугацаанд дэлхийн хамгийн тогтвортой парламентын засаглалын систем болох Англид нийтдээ 66 ерөнхий сайд алба хашсан. Тэдний дотор АНУ-ын ерөнхийлөгч нартай эн тэнцэхүйц удирдагч тун ховорхон, үнэндээ ихэнх нь аль эрт мартагдсан. Учир нь парламентын засаглалд ихэвчлэн намын олны хүчинд дулдуйдсан, улмаар намын улстөрд барьцаалагдсан, ихэвчлэн намын улстөрийн эвлэрэл, зохицол болсон дундаж болон үлбэгэр этгээдүүд Ерөнхий сайд болдог нь нууц биш.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хүчирхэг болгодог өөр нэг түлхүүр хүчин зүйл нь түүний тогтмол сонгуульт хугацаа. Авилга, хээл хахууль, гэмт хэрэг, улс орныхоо эрх ашгаас урвасан үйлдэл хийхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дархлаатай. Тиймээс парламентын засаглалын Ерөнхий сайд шиг байнга огцруулагдах аюултай тулгарч, түүнийг зохицуулах гэж анхаарал, цагаа үрж, буулт хийхгүй зөвхөн өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Парламентын засаглалынх шиг нам, фракцуудтай эвсэл байгуулж, засгийн газар байгуулах гэж нэг ч цаг үрэхгүй. Фракцууд болон намууд, тэр ч байтугай кабинет дотроо учраа олох гэж ч цаг, хүч үрэхгүй. Бүх сайд нар нь түүнд захирагдаж ажиллах учир эрх мэдэл, үүрэг даалгавар, ажил үүргийн хуваарь тодорхой. Чухам энэ бүх хүчин зүйлийн учир Ерөнхийлөгчийн засаглал хамгийн чадварлаг, хүчирхэг засаглалыг төрүүлдэг.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    Ерөнхийлөгчийн засаглалд орох асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй. Одоогийн олигархи, гэмт хэрэгтнүүд зонхилсон парламент дахин үлдэн ажлаа явуулж, ард түмний хөрөнгийг хуваан иддэг явдлаа бататгахаар санал асуулга явуулах гэж байгааг өөрчлөх хэрэгтэй байна

Холбоотой мэдээ