Завханы бяслагны үйлдвэр ирэх хавраас бүтээгдэхүүнээ экспортолно

2019-09-17

Б.ТУУЛ

Завхан аймгийн ЗДТГ энэ жил үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин бусад аймаг, орон нутагт үлгэр жишээ болохуйц олон ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд тус аймгийн удирдлагууд сум бүрт жижиг үйлдвэр байгуулах санаачилгыг өрнүүлж, малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдээ ажлын байраар хангах гэсэн орон нутагт  тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Эдгээр төслийн нэг нь Завхан аймгийн ЗДТГ, “АДРА Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй  “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Энэ төслийн ачаар Завхан аймгийн Идэр суманд анхны бяслагны үйлдвэрийг байгуулж, сарлагийн сүүгээр герман технологиор бяслаг үйлдвэрлэж, түүнийгээ гадаад, дотоодын зах зээлд экспортлохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн пүрэв гаригт  БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны санхүүжилтээр “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа  болсон юм.

 

 Завхан аймагт 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлжээ

БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский батламж гардуулав.

“АДРА Монгол” олон улсын байгууллагын “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл нь Завхан аймгийн Идэр суманд хэрэгжиж байгааг дээр нэгэнт дурдсан. Энэ төслийн хүрээнд Идэр суманд экспортын чиглэлийн хатуу бяслагны загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх замаар 100 гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгааг албаныхан дуулгав.  Төслийн үр дүнд ийнхүү хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдэггүй сүүний ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагчийг олгож байгаа аж.   Ёслолын ажиллагааг нээж, “АДРА” олон улсын байгууллагын Азийн бүсийн дарга Марк Вэбстер хэлсэн үгэндээ  “Алслагдсан бүс нутагт аж төрж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл тулгардаг. Тиймээс БНЧУ-ын Элчин сайдын яамны энэхүү дэмжлэг нь Завхан аймагт хэрэгжиж буй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно” гэдгийг тодотгосон юм.   Мөн БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский “Манай хоёр улс түүхээрээ нягт холбоотой. Хөгжилд чиглэсэн  хамтын ажиллагааны тухайд Монгол Улсад 15 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна. Завхан аймагт 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Чех улсын хөдөө аж ахуйн салбарын технологи нь олон давуу талтай. Ялангуяа сүү, махны чиглэлээр хамтарч ажиллахдаа таатай байдаг. Төслийн хүрээнд өнөөдөр хүлээлгэн өгч буй сүүний сав нь их хэрэгтэй зүйл тул цаашид олон үр дүнг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Чех улсын компаниуд ХАА-н салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа” гэв.

 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: Ирэх хавраас бүтээгдэхүүний дээж гарч, экспортолно

 

Уг арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Сарандагина оролцож, Засгийн газраас сүүний бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалтын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн энэ үеэр БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский АДРА Монгол олон улсын байгууллагын “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төслийн менежер Г.Мөнх-Эрдэнэд батламж гардуулж, “АДРА” ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч М.Мөнхжаргал, Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Х.Баярмаа нар Элчин сайдад талархсанаа илэрхийлсэн юм.

Завхан аймагт барих бяслагны үйлдвэр нь зуны саруудад 15-20 тонн бяслаг үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд экспортолно. Хөдөөгийн иргэдийн амьжиргаа дээшлэхээс гадна ажлын байрыг шинээр бий болгох юм. Энэ тухай Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ “Завхан аймаг 3.6 сая толгой малтай. Малын сүргийн бүтцэд сарлаг ахиу байдаг учир сүүний чиглэлийн үйлдвэрлэл явуулах нөөц бололцоо бүрэн байдаг. Гэхдээ бид эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа тул аймагтаа “Сайн бизнесмен” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Харин хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд сум бүрт жижиг үйлдвэр байгуулах санаачилгыг өрнүүлж, нийт 86 төсөл дээр гарын үсэг зурсны нэг нь Идэр суманд хэрэгжих Герман технологиор бяслаг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн төсөл байсан. Төсөлтэй хамтран ажиллагч БНЧУ-ын Элчин сайдын яам болон “АДРА Монгол” ОУБ ийнхүү тоног төхөөрөмж өгч байгаад баяртай байна. Одоогийн байдлаар үйлдвэрийг барих, тоног төхөөрөмж нийлүүлж байна. Ирэх хавраас бүтээгдэхүүний дээж гарч, экспортолно” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.17  МЯГМАР  №184  (6151)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    хавар ч юу юм эхлээд сүүгээ сааж бж дараа нь бяслаг хийдэг юм бга биз дээ. Улс төрчид шоудаад бна уу яагаад бна

Холбоотой мэдээ