Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе

2019-09-13

Ч.ҮЛ-ОЛДОХ

Аварга Тосон нуур ширгэж үгүй болоход маш бага хугацаа үлдсэнийг “Зууны мэдээ” сонин өмнөх нийтлэлдээ хөндсөн. Нуур ширгэх нь гэдгийг сүүлийн жилүүдэд тэнд очсон, үзсэн хүн болгон сэрэмжлүүлж  ярьж, бичиж байв. Гэвч анхаарч ажил хэрэг болголгүй эцсийн мөчид тулж очдог гашуун туршлага бидэнд байна.Үүний тод жишээ нь Аварга Тосон нуур ширгэхэд хүрсэн төдийгүй ойр орчмынх нь  Бүрд, Цэнгэг нуур, Аваргын гол амьсгаа тасрах аюул нүүрлэсэн явдал юм.  Ер нь бол ганц “Аварга Тосон нуурыг хамгаалъя” гэх юм уу, нийтлэлийн гарчигт дурдсанчлан “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе” гэсэн  санаа  нь нэг асуудлыг хөндсөн мэт боловч цаана нь Монгол төрийн голомт, их хаадын дурсгалт газрыг  цогцоор нь хамгаалах ёстой гэсэн утгыг илэрхийлж байгааг мэргэн уншигчид гадарлаж буй гэдэгт найдна.

Аварга тосон нуур, Аваргын рашаан, Аваргын гол, Цэнгэг болон Бүрд нуур, эртнээс нааш отрын нутаг хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн Хэрлэнбаянулаан бол Хөдөө арал хийгээд  тэр орчмын үзэсгэлэнт байгальд багтдаг Их Монгол Улсын  голомт,  Их Эзэн Чингис хааны төрж өсч, төр улсаа эмхлэн байгуулсан түүхт газар  билээ. Ийм учраас Хан Хэнтийн нуруу, Хэрлэн гол, гурван голын эх тэр чигээрээ ариун дагшин байх ёстой. Гэтэл сүүлийн үед Хөдөө аралд алт, нүүрс олборлох зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл гарах болсон. Нутгийн иргэд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж уул уурхайн компанийг нутгаасаа хөөсөн гэх ч өнөөх “золбин” нь одоо ч энд тэнд алт  шинжилж буйраа сэлгэж явааг малчид, иргэд ярьж байгаа юм. Гэтэл Хөдөө арал бол Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуурыг хөвөөлсөн  Хөдөө арал нь Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг  их ор суулган ширээнд  өргөмжилсөн  түүхт газар шүү дээ. Хэрлэнбаянулаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдгийг   нутгийн ардууд “Долоод гэж нэрлэдэг. Долоодыг судлаачид “Монголын нууц товчоо”-нд гардаг “Долоон болдог” гэж үздэг. Яг энд  “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан учраас их хааны 750 жилийн ойгоор буюу 1990 онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байдаг.

Тэгэхээр “Монголын нууц товчоо”-нд монголчууд  Гурван мөрний эхийг  тахиж шүтэж байсан тухай  дурдсан байдагчлан өдгөө гурван мөрний эхийг уул уурхайгүй, ой модыг нь  огтлохгүй байлгаж яагаад болохгүй гэж.

Хүн болгоны мэдэх, дэлхий дахины анхаарлын төвд байгаа Бурхан Халдун гэхэд Хан Хэнтийн нуруу бүхэлдээ багтдаг дагшин газар. Зарим нь Бурхан Халдун гэж нэг жижигхэн уул байдаг мэтээр төсөөлж, тэгж тайлбарлан гадаадын эрдэмтдийг ч  төөрөгдүүлж байсан удаатай. “Монголын нууц товчоо”-нд Бурхан Халдун уулыг тодорхой дурдсан. Тэнд  хиад боржигон болон урианхай, тайчууд нутаглаж байсныг  тоо, баримтууд өгүүлдэг. Буриадын судлаачдын гаргаснаар 15-20 мянга орчим түмтийнхэн нутаглаж байсан гэдэг. Тэгэхээр Бурхан Халдун бол  нэг уул биш. “Монголын нууц товчоо”-нд Онон, Хэрлэн, Туулын эх газар Бурхан Халдунд хамаарч байгаа нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Өнөөдөр Хөдөө аралд Хөдөөгийн хэмээн алдаршсан Х.Пэрлээ агсны гэрэлт хөшөө бий. Сая 21 аймгийн яруу найрагчид тэнд чуулахдаа очиж хүндэтгэл илэрхийлж, зураг хөргөө татуулж, археологийн музейгээр зочилж багагүй зүйлийг тодруулсны дотор  1921 онд Ардын засаг тогтсоныхоо дараагаас эхлэн А.Амар сайд, Жамъян гүн нар “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан газруудыг тодруулах ажилд анхаарч эхэлсэн тухай баримтуудыг онцлох нь зүйтэй болов уу.

А.Амар сайд Дэлүүн болдогийг хайж “Гурван газрын Дэлүүн болдог гээд байна. Хойч үеийнхэн тодруулах хэрэгтэй” гэсэн бол Ц.Дамдинсүрэн агсан  “Монголын нууц товчоо”-г хөрвүүлэх явцдаа ихэд лавлан асууж, Хан Хэнтийн нутгаар морь, тэмээгээр явсан тухай нутгийн иргэд  өчигдөрхөн мэт дурсдаг юм билээ.  Сүүлд  Ц.Дамдинсүрэн агсан  ШУА-ийг тэргүүлж байх үедээ  Х.Пэрлээд  үүрэг өгч “Монголын нууц товчоо”-ны газар, усны нэрийн судалгааг эхлүүлсэн бөгөөд Х.Пэрлээ агсан өөрийн мэргэжил болох археологийн ажил руу ороод орхисон гэлцдэг. Хэдий тийм ч  Монголын  төр эзэн хаанаа, үүх түүхээ орхисон юм биш, өдгөө “Монголын нууц товчоо”-ны түүхт газруудад нийт 10  гэрэлт хөшөө байна. Цаашид ч хөшөө дурсгал босгох байх. Хамгийн гол нь  Чингис хаантай холбоотой дурсгалт газрууд улсын биш гэхэд ядаж Хэнтий  аймгийн мэдлийн дархан цаазтай, тусгай хамгаалалтад орсон байх  ёстой. Тэнд аялал жуулчлал,  амралт сувиллын нэрээр барилга  байшин  барихдаа биш, гол нь тусгай хамгаалалтад авч, уул уурхайн зөвшөөрөл өгөхгүй байх нь л  чухал болов уу. Тэр газрыг өнөөдөр дэлхийн эрдэмтэн судлаачид  “Чингис хааны түүхт газрууд онгон дагшин хэвээр байгаа нь бүгдээс илүү сайхан байна” гэсэн санааг дэвшүүлж байхад  бид яагаад болсон болоогүй жуулчны бааз, амралтын газар, шавар хөшөө, хямдхан суварга байгуулах ёстой гэж. Нэрт түүхч, судлаач О.Сүхбаатар абугайн хэлсэнчлэн “Гурван голын эхэн ямар ч төрийн үед дагшин байх ёстой” гэсэнтэй агаар нэгэн их хаадын ор суусан түүхт газар Хөдөө арлыг бид хөдөөгөөр нь байлгахад нэг их ухаан зарж, тооцоо судалгаа хийх  хэрэг алга. Үүнд “Монголын нууц товчоо” өөрөө  түлхүүр болно. Хан Хэнтийг тэр хэвээр нь байлгаж, Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээж, Гурван голын эхийг дагшин байлгахад л бүх юм аяндаа болчихно. Тосон нуураас эхлээд Цэнгэг нуур,  Замагт нуур, Цагаан нуур, Хөдөө нуур ширгэх нь хэмээн өдгөө улиглан байгаа минь ч  ийм учиртай билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.13  БААСАН  №182  (6149)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ