Б.Жагар: Оюутолгойн гэрээг цуцал, чадахгүй бол УИХ тар

2019-09-12

 

Б.НАМУУНТАМИР

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн   Б.Жагар, болон ард түмний төлөөлөл  “Үндэсний мэдээллийн төв”-д Оюутолгойн луйврын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар шаардан, бичиг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Оюутолгойн гэрээг шалгах явцад уурхайн хаалтын ажиллагааны дараа МУ-д цөмийн хог хаягдал булах, атомын цахилгаан станц барина гэсэн гэрээ, Дубайн гэрээгээр МУ-д орж ирээгүй бодит бус хоёр сая ам долларыг МУ-д өр болгосон санхүүгийн гэмт хэрэг, Улсын хилээр 62 тэрбум молибден хууль бусаар гаргасан, 155 сая долларын татвар төлөөгүй, ашигласан орд газарт нөхөн сэргээлт хийгээгүй  зэрэг хууль бус үйлдлүүд илэрсэн байна.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар  “Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт хүүнд нь нэг сая ам доллар төлж менежментийн зургаан хувийг нэмээд нэг хоногт гурван сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялгийн эзэн улс өөрийн баялгийн дийлэнх хувийг хүртэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж Оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялгийн сан бүрдүүлэн иргэн бүрд сар бүр ногдол ашиг хүртээхийг шаардаж байна. Үр ашиггүй  гэрээг хууль хяналтын байгууллага болоод парламентын төвшинд нягталж, ард түмэнд ашигтайгаар шийдэх хэрэгтэй. Оюутолгойн төв оффис буюу “Моннис”-ийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгуулж,  Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмших, ирээдүйн эрх ашгийнхаа төлөө нэгдэхийг уриалж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Энэ гэрээг цуцалж чадахгүй бол УИХ тарах ёстой” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ