Музейн хөгжилд технологийн шийдлийг нэвтрүүлнэ

2019-09-12

Х.ОЮУНБОЛД

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас бичигдэж ирсэн түүх, өв соёлыг хадгалж, үр хойчдоо уламжлуулан үлдээж, өвөг дээдэс, эх орныхоо түүхийг таниулж ирсэн газрын нэг бол музей. Улс үндэстний мэдээлэл, түүх дурсгалын зүйлсийг  бусад оронд сурталчилан таниулж эх оронч үзэл, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлдэг  музейн салбарын ажилтнуудын уулзалт нийслэл хотод болж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар,Монголын үндэсний музей, Соёлын өвийн төвөөс  “Музейн хөгжил” нэртэйгээр зохион байгуулж буй уулзалтад тус салбарын  орон нутгийн музейн ажилтнууд болон аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн  газрын  Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, хувийн хэвшлийн  музей, галерей,хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан төвүүдийн төлөөллөөс  бүрдсэн 300 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын  тэнхимийн эрхлэгч Ж.Мяндас “Ирээдүйн   музей ба бидний чиг хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр  “XXI зууны музей нийгэмд зөвхөн  үүрэг гүйцэтгээд зогсохгүй.

Нийгэмд бий болж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд музей маш их чухал үүрэгтэй. Үүнийг л музейн гол үүрэг гэж харж байна” гэв. Түүнээс гадна ирээдүйн илүү олон дэвшилттэй музейг бий болгохоор төлөвлөөд ажиллаж байна. Музейд ажиллах боловсон хүчний тоо  их дутмаг, хүрэлцэхгүй байна. Учир нь энэ соёл, байгалийн өв, угсаатан судлал,нүүдэлчний соёлыг ЕБС-ийн хичээлийн програмтай уялдуулж өгөөгүй. Тиймээс соёл, байгалийн өвийг сонирхож музей, соёл судлал,соёлын аялал жуулчлалын ангид элсэн суралцах оюутан маш цөөхөн байна. Судлаач хүний хувьд өндөр техник технологийн  эрин зуунд ажиллах, өндөр түвшний мэдлэгтэй ирээдүйн боловсон хүчин, залгамж халаагаа бэлдэхэд улсаас бодлоготой ажилламаар  юм шиг санагддаг. Мөн  Монголын ирээдүйн музейн хөгжлийн баримтлал, чиглэл хандлагыг тодорхойлсон музейн хөгжил ба бодлого, музей ба нийгмийн инноваци, музей ба бүтээлч үйлдвэрлэл, ирээдүйн музей гэсэн  дөрвөн чиглэлээр салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, ажилтан мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлгийг явуулсан юм. Гурав хоног үргэлжлэх энэ уулзалтын үеэр  хот болон орон нутгийн музейн гарал үүсэл, түүхийг харуулсан  Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг хүмүүс их сонирхон үзэж байлаа. Мөн Цэргийн музейн бэлэг дурсгалын дэлгүүр,Чойжин ламын музей болон Баян-Өлгий аймгийн бэлэг дурсгалын дэлгүүрийн өөр өөрийн  өнгө аясыг дэлгэн харуулсан зүйлс хүмүүсийн анхаарлыг их татаж, худалдан авч байв. Түүнээс гадна  Монгол Улсад орчин үеийн музей үүссэний 95 жилийн ойгоор мэргэжилтнүүдийнхээ дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ