Р.Дагва: Бүтээн байгуулалтын ажил хангалтгүй байна

2019-09-12

Б.НАМУУНТАМИР

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн энэ оны төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцсан юм. Мөн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиглэл” концепци, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр, Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудыг хэлэлцлээ.

 

Ж.Батбаясгалан: Анхнаасаа зураггүй ажлуудыг баталж өгсөн нь гүйцэтгэлд нөлөөлж байна

 

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 249.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 460 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар баталжээ. Үүнээс одоогийн байдлаар  415 төсөл худалдан авах ажиллагаа зарлагдаж, 45 нь бэлтгэл ажлаа  хийж байгаа аж. Худалдан авах ажиллагаа зарлагдсан 415 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 180, гэрээ байгуулах эрх олгосон 92, техникийн үнэлгээ хийгдэж байгаа 80, тендерийн материал хүлээн авч байгаа 63 төсөл байгаа аж. Харин худалдан авах ажиллагаа зарлагдаагүй 45 төсөл арга хэмжээ байгаагаас тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 32, зураг төсөв ажлын даалгавар ирээгүй 11, үнэлгээний хороо байгуулаагүй хоёр төсөл арга хэмжээ байгаа юм байна. Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц удаан, гүйтцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилж байсан  юм. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан “Худалдан авах ажиллагаанд удаашрах шалтгаан олон байгаа. Ажлын нэр, зориулалт өөрчлөх, худалдан авах ажиллагаа явуулах,  эрх өөрчлөх зэрэг асуудал олон  байгаа. Бид анхнаасаа зураг нь хийгдээгүй, газрыг нь чөлөөлөөгүй ажлуудыг баталж өгсөн нь гүйцэтгэл хангалтгүй байх шалтгаан болж байгаа. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байхын тулд шийдвэр гаргах шатнаасаа анхааралтай байх ёстой” гэлээ.

Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Худалдан авах ажиллагааны удаашрах нэг гол шалтгаан нь зураг төсөв байдаг. Зураг хянан баталгаажуулах явц маш удаан явдаг. Нэг ёсондоо нийслэлийн ажлыг Барилга хөгжлийн төв уяж байгаа шүү” гэсэн юм.

НИТХ-ын дарга Р.Дагва “Та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байгаа шүү. Тамгын газрын дарга чинь хаана байна. Тэргүүлэгчдийн хурлаар ямар асуудал орж байгааг мэдэж байгаа юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байна. Ирэх сард тайланг дахин сонсоно. Тамгын газар ажиллах шаардлагатай байна. Ямар ч зохион байгуулалтгүй байна. Ажлаа эрчимжүүл, шалтгаан нөхцлүүдээ эргэж хар, дүгнэлт хий” гэсэн юм.

 

“Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр батлагдлаа

 

Ийнхүү Хөрөнгө оруулалтын ажлын явцын дараагаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн боловсруулж, өргөн барьсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан юм.  Тус дэд хөтөлбөр нь 2022 он хүртэл хэрэгжих 15 зорилттой.  2019 онд тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 250 сая төгрөгийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар нийслэлийн төсөвт суулгуулсан байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Нийслэлд өнөөдрийн байдлаар 529 мянга орчим хүүхэд амьдардаг. Гэвч тэдэнд чиглэсэн үйлчилгээ, орчин хүрэлцээгүй, хүүхдийн оролцоо дутмаг байгаа. Иймд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хүүхдэд ээлтэй бодлого баримталж ажиллах, цаашилбал аливаа шийдвэр гаргахдаа хүүхдэд ээлтэй байх шаардлагатай, тэдний оролцоог хангах хэрэгтэй гэж үзэн хүүхдэд ээлтэй хандлагыг хөгжүүлэх зорилгоор дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж өргөн барьж байна. Хүүхдэд ээлтэй хотыг хөгжүүлэх нь хүүхдийг засаглалд оролцуулах болон тэдний амьдран буй газрыг хөгжүүлэх хамгийн сайн, үр нөлөө бүхий санал санаачилга юм. Ийм учраас Австрали, Итали, Голланд, Швед Бразил зэрэг олон улсуудад хүүхдэд ээлтэй хот санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, олон улсын сүлжээнд нэгдсэн. Тухайлбал Европт хүүхдэд ээлтэй хотуудын Европын сүлжээ байдаг. Тэд хоёр жилд нэг удаа болдог “Хотын хүүхэд” олон улсын бага хурлаар харилцан туршлага солилцдог. Улаанбаатар хотын хувьд “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг анх 2015 онд НИТХ-аас баталж, 2016 онд хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлага тулгарсан юм. Өнөөдөр батлагдсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр нь бүх шатанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, дэлхийн нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байх, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг хадгалах агуулгатай бодлогын баримт бичиг болж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ