“Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ хөрвүүлнэ

2019-09-11

Х.ОЮУНБОЛД

МҮОНРТВ, Үндэсний  номын сан, БНХАУ-ын  Боловсролын  ном хэвлэлийн  экспорт, импортын компани, Хятадын  Соёлын орчуулга  ба Судалгааны газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны  70 жилийн ойн хүрээнд хамтарсан  номын  үзэсгэлэн худалдааг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ үеэр   Хятадын олон зохиолыг монгол хэлнээ орчуулсан нэрт орчуулагч, “Гэгээ” коллежийн захирал Д.Болдбаатар “Би ойн баярын хүрээнд “Хятадын Коммунист намын туулсан замнал” “Гурван биет” уран зөгнөлт зохиол, “Хайрын урсгал хэмээх зохиолыг орчуулан гаргалаа. Манай хоёр орны харилцаа удаан жилийн түүхтэй. Ялангуяа, соёлын харилцаа хүнд жин дардаг. Үүний нэг нотолгоо нь энэ арга хэмжээ юм” гэв. Мөн  Хятадын  улсын дарга Ши Жиньпин  “Азийн соёл иргэншлийн хэлэлцээр” хэмээх хурлын үеэр  дөрвөн зүйлийн санал дэвшүүлснээс гурван нь манай улстай холбоотой гэж хэллээ. Тухайлбал, Азийн улсуудтай харилцан 100 сонгодог зохиолыг орчуулах, 100 сонгодог шилдэг киног бүтээж солилцох, хөрш зэргэлдээ улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярьсныг дурдлаа. Түүнээс гадна “Гэгээ” хэвлэлийн газар БНХАУ-ын  “Дээд боловсрол”-ын газартай хамтран  Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ орчуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн БНХАУ, Монгол Улсын утга уран зохиолтой холбоотой олон байгууллага, хэвлэлийн газрууд  ном орчуулах санамж бичиг,гэрээнд гарын үсэг зурсан. Гурван өдөр үргэлжлэх арга хэмжээнд БНХАУ-ын 1000 гаруй ном зохиолыг дэлгэн тавьсан байв.  Харин энэ номнуудыг Үндэсний төв номын санд бэлэглэх ажиллагаа өнөөдөр 11:00 цагт болох юм байна.  Хоёр орны гадаад харилцаа тогтсоны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ арга хэмжээ энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ