А.С.Лисненко: Тоос дарах шинэ технологийг Монголд нэвтрүүлнэ

2019-09-11

Ц.МЯГМАРБАЯР

ОХУ-ын “Завод Спецхим­продукт” компанийн гүйцэтгэх захирал Александр Сергеевич Лисненког “Бизнес, хөгжил” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа.

– Танай компани тусгайлан нүүрсний тоосжилт дарах зориу­лалттай барьцалдуулагч бодисыг боловс­руулан амжилттай хэрэг­жүүлж байгаа гэсэн. Энэ та­лаар яриагаа эхэлье?

– Уул уурхайн үйлдвэрлэл, хучилтгүй замын тоосжилтыг бууруулах зорилгоор “Bitanox RZ” тоос дарах барьцал­дуулагчийг Монголд нэвтрүүлэхээр “Спецпродукт Монгол” компаниар дамжуулан  судалгааны ажлыг хийгээд дууссан. Одоо шинжилгээ болон бичиг баримт, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл гээд ажил явагдаж байна. Албан ёсоор нийлүүлэх тохиолдолд тухайн газруудад газар дээр нь хөрсний дээж авч түүнд тохирсон бодисыг томъёогоор найруулж  гаргаж авдаг нарийн технологитой. “BitanoxPZ-D”-ийг хучилтгүй автозамын тоосжилтыг “Bitanox RZ-1” тусгайлан нүүрсний тоосжилтыг  дарах зориулалтаар үйлдвэрлэсэн. Экологит аюулгүй гэдэг нь хоёр улсын шинжилгээгээр батлагдсан. Байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэг зэрэглэлийн  бодис гэдгийг гаалийн лабораториор тодорхойлсон. Кополимер бүтэцтэй шингэн төлөвт хольц бөгөөд жижиг тоосонцоруудыг молекулын түвшинд  хооронд нь гинжин холбоос үүсгэж, барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, “Bitanox”-ийн найрлагад  ордог бодисууд нь тоос дарах усны үйлчлэлийг хэд дахин нэмэгдүүлж гадаргуу дээр тоосжилтыг дэгдэхээс хамгаалсан бүрхүүл үүсгэдэг.Үүнийг үйлдвэрлэхэд лабораторийн нарийн шинжилгээгээр орсон зөвхөн өндөр чанарын түүхий эд ашигладаг.

– Тоосонцорын агаарт байх хугацаа, тархалт ямар байдаг вэ?

– Байгаль болон хүний үйл ажиллагааны үр дүнд үүсэж буй тоос, тоосонцорууд агаарт удаан хугацаагаар тархдаг. Нэг үгээр хэлбэл, тоосонцор гэдэг нь агаарт дэгдсэн янз бүрийн хэлбэр, хэмжээтэй органик ба органик бус хатуу бичил эд биетүүд болон шингэн дуслууд юм. Том ширхэгт тоосонцор /PM10/ 100 км-т хэдэн өдрөөр тархаж байдаг. Харин нарийн ширхэгт тоосонцор / PM 2.5/ хэдэн долоо хоногоос хэдэн долоо хоног хүртэл 100-1000 км-т тархаж байдаг. Жишээлбэл, “Таван толгой” Цанхийн уурхайн тоосжилтыг судалж үзэхэд нарийн ширхэг тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.11, том ширхэг тоосонцорынх зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.73 дахин их байна. Нийт тоосны хэмжээ дунджаар 1.18 дахин их байх жишээтэй.

– Ус шүршихээс илүү гэж байна. Мөн бусад давуу талыг нь дурьдахгүй юу?

-Нүүрс олборлох, тээвэрлэх ачиж буулгахад тоосжилт маш их үүсч байгаа нь зөвхөн уурхайн талбай бус зэргэлдээ орших нутаг дэвсгэрийн хурц асуудлын нэг болж байна. Ус шүрших, давс цацах нь ус зарцуулалт их, ойр ойрхон услах шаардлагатай. Нүүрсний бүх тоосонцорыг барих чадваргүй, эдийн засгийн үр ашиггүй гэдгийг тогтоосон. “Bitanox RZ-1” нь нүүрсний  тоосжилтыг дарах үр дүнтэй аргын нэг. Гадаргуугийн идэвхит бодисыг тусгай нэмэгдэл бодисын хамт ашиглах аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн.Тухайн нүүрсний уурхайн талбай, автозамын тоосжилтын шинж чанарт тохируулан томъёо, хольц найрлагаа боловсруулдгаараа онцлог давуу талтай. Уг барьцалдуулагч бодисыг технологийн устай найруулж үйлдвэрлэлээс гарч буй хаягдал усыг дахин ашигладагаараа цэвэр усны хэрэглээг хэмнэдэг.Нүүрсний овоолгоос үүсэх тоосжилтыг 90-95 хувь хүртэл бууруулдаг. “Bitanox RZ-1” барьцалдуулагчийн үйлчлэх гол зарчим нь тоосонцоруудыг хооронд нь холбож гадаргуу дээр хатуу бүрхүүл үүсгэдэг. Усны хэрэглээг 75 хувь хүртэл хэмнэх боломжтой. “Bitanox RZ-1”-ийг өмнө хэрэглэсэн газраа дахин шүршихэд нүүрсний нарийн тоосонцорууд хоорондоо нийлж, улам хүнд жинтэй болж нарийн тоосонцоруудын агаарт дэгдэх дэгдэлтийг хэд дахин бууруулдаг. 6-12 сарын хугацаанд тоосжилт дарах чадвараа хадгалдаг. Зүгээр усаар шүржихэд усны дуслууд том байдаг. Энэ нь олон мянган нарийн ширхэглэгт тооцонцорт хүрэлцэх нь муу учраас шууд гадаргуу дээр унаж байдаг. Хөдөлгөөний ачаалал ихтэй  автозам дээр маш сайн үр дүн үзүүлсэн. Уурхайн автозамын ашиглалтын шинж чанарыг сайжруулж, замын эдэлгээний хугацааг уртасгаж  тэгшлэх,арчлах зардлыг багасгана. Мөн уурхайн автозам дээрх халтиргааг бууруулж техник, машин механизмын эд ангийг зэврүүлдэггүй. Эдийн засаг талаас автомашины дундаж хурд нэмэгдэж, ажлын бүтээл нэмэгдэнэ. Шатахуун зарцуулалт буурч, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өснө.

-Хучилтгүй автозамын тоосжилт дарах “Bitanox RZ-D”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

– Монгол Улсын нийт авто замын ердөө найман хувь нь асфальт бетон зам байна. Автозамын тоосжилтын хэмжээ нь замын гадаргуугийн материалын физик, механик  шинж чанар, хөдөлгөөний хурд, жин, нэвтрэл, замын хэмжээ, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Уул уурхайн нийт тоосжилтын 70-90 хувийг автозамын тоосжилт эзэлдэг. Шүрсний дараа түргэн ууршдаггүй, хур тунадасаар угаагдаж урсдаггүй, хэт улаан туяаны нөлөөнд тэсвэртэй тул урт хугацаанд тоосжилт дардаг. Өөрөөр хэлбэл, тухайн замын шинж чанарт тохируулан найруулсан тусгай  барьцалдуулагч бодистой усаар замын гадаргуу дээгүүр цацаж хатуу бүрхүүл үүсгэн тоосжилтыг 90-95 хувь хүртэл бууруулдаг.

-Бараг сайжруулсан зам болчих юм биш үү?

-Ер нь бол сайжруулсан зам л гэсэн үг. Хатуу бүрхүүл -30 хэмийн хүйтэнд тэсвэртэй, уян хатан чанараа алдаж хагардаггүй. Харин жилд 1-2 удаа  дахин шүржиж өгнө. Энэ замаа жилийн дөрвөн улиралд ашиглах  боломжтой.

-Танайх энэ бүтээгдэхүүнээ  хаана, хаана нэвтрүүлсэн бэ?

– “Bitanox”-ийг ОХУ-ын Кузбасс, Якутын болон өөрийн орны бүх нүүрсний уурхайд ашиглаж байгаа бөгөөд үр дүнгээ өгсөөр байна.

-Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ?

– Манай компани  Москвад төвтэй. “Завод Спецхимпродукт” компани 2014 онд байгуулагдсан. Өмнө нь химийн үйлдвэр байсан. Энэ бүтээгдэхүүнээ олон жилийн туршилт судалгааны үндсэн дээр гурван жилийн өмнө гаргаж авсан. Өөрийн оронд нэвтрүүлээд үр дүнгээ өгсөн учраас Монголд нэвтрүүлэх сонирхол төрсөн. Манай улсын  уул уурхайн бүсэд  хэдэн жилийн өмнө  уул уурхай, шороон замын тоосжилтоос үүдсэн асуудал хурцаар тавигдаж байсан. Яг өнөөдөр Монголд энэ асуудал мөн тулгамдсан асуудал болсныг бид найзуудаасаа сонсоод салбар компаниа байгуулахаар болсон. Өнөөдөр ажил ахицтай байна. Ирэх оны дунд үеэс эхний захиалгаа авч эхлэнэ. Гэхдээ бичиг цаас бүрдүүлэх зэргээр хүлээгдсэн асуудал их байна. Хугацаа их удаан байна. Өнгөрсөн гурван сард өгсөн бичгийн хариу өнөөдөр ирж байх жишээтэй.

– Хөрөнгө мөнгө нэлээд орох байх. Дунджаар 100 км-т цацах зардал хэр байх бол?

-Одоогоор хэлэх боломжгүй. Тухайн газрын замын хөрсний дээж, уурхайн орчин зэргээс шалтгаалж тус бүрд нь тохирсон томъёогоор барьцалдуулагч “Bitanox”-ийг найруулдаг болохоор боломжгүй. Гэхдээ энэ төслийг тухайн улсын Засгийн газрын  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Гэр хорооллын тоосыг дараад өгөөчээ эмээгийн тоосны харшил ч дүүрсэн ач хүү хэцүүдлээ.

Холбоотой мэдээ