Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2019-09-11

С.УЯНГА

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Өнөө жил уг өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комиссууд уламжлал болсон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийснээ энэ өдөр нээв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд, нам эвслүүдийн төлөөлөл, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Түүнчлэн Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан  дөрвөн метр өндөр, бурхан байрлах шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээсэн бол Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган агсны амьдралыг хүүрнэсэн түүхэн баримтат “Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа” нэртэй номын нээлт боллоо. Номын зохиогч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан архивын түүхэн баримтуудад тулгуурлан эл номыг туурвижээ. Номыг нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, төрийн байгууллагуудад түгээх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ