Б.Мандухай: Мансууруулах бодис илрүүлэх 10 төрлийн тест ашиглаж байна

2019-09-09

С.САРУУЛ
Цагдаагийн байгууллагаас хоёр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоёр шөнийн цэнгээний газарт шалгалт хийж 87 иргэнд тест тавихад 24 хүнээс мансууруулах бодис илэрчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

-Шөнийн цэнгээний газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа.  Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд нэг эмэгтэй, ХБНГУ-ын хоёр иргэн байсан. ХБНГУ-ын  хоёр  иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

-Шөнийн цэнгээний газрын талаар мэдээлэл өгөх боломжтой юу. Өмнө нь шалгаж байсан уу?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

– Танай байгууллагаас ямар давтамжтай хяналт, шалгалтыг зохион явуулдаг вэ?

-Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа.

-Хар тамхи хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгнө үү?

-Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ