Сочигийн олимп буюу их Владимирийн их наадам

2014-02-06

Б.БАРС

Ээлжит 22 дугаар өвлийн олимпийн наа­дам хойд хөршийн Кав­казын нурууны хойд энгэрт орших Сочи хотноо маргааш эхэлнэ. Сонирхуулахад, 1980 онд Москвад болсон зуны олимпийн наадам мөн л 22 дахь нь байсан юм.

Сочид чуулах орон орны тамирчид өмнөх, 2010 оны Ванкуверийн цагаан олимпоос 12 багц медалиар илүү, нийт 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ наадмыг авахын төлөө Сочи Австрийн Зальцбург, БНСУ-ын Пёнчхан, Испанийн Хака, Казахстаны Алма-Аты, Болгарын Софи, Гүржийн Боржоми зэрэг хотуудтай өрсөлдөн 2007 оны долдугаар сарын 4-нд Гватемалад болсон ОУОХ-ны 119 дүгээр чуулганаар ялалт байгуулсан билээ.

Энэ удаагийн цагаан олимпийн бэлгэдэл нь цагаан баавгай, ирвэс, туулай гурав юм. Харин уриа нь “Hot. Cool. Yours” буюу “Халуун. Хүйтэн. Чиний” гэсэн гурван үгээс бүрджээ. Сансарт, хойд туйлд, дэлхийн хамгийн гүн нуур Байгалийн ёроолд хүрсэн олимпийн галын буухиа урьд өмнө байгаагүй их зам буюу 40 мянган км туулж нийтдээ 123 өдөр үргэлжилсэн. Олимпийн гал хамгийн сүүлд монголчуудын мах цусны тасархай халимагуудын нийслэл Элстэй хотоос Сочиг зорьжээ.

Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа маргааш Моквагийн цагаар 20.14 цагт эхлэх ч үүнээс өмнө буюу өнөөдөр сноуборд, уран гулгалт, фристайлын тамирчид тэмцээнээ эхлэх юм. Энэ удаагийн цагаан олимпод Африкийн ӨАБНУ-аас эхсүүлээд Австрали зэрэг 88 орны тамирчид оролцох төлөвтэй. Энэхүү наадмыг үзэх гэж тив тивийн 1.2 сая гаруй жуулчин ирэх бололтой.

Энд тэмдэглэхэд, Со­чигийн олимпийн наадмыг тэр хавийн уугуул иргэд болох чер­кесүүд эхнээс нь эсэр­гүүцсэн. Ялангуяа хаант Оросын эсрэг 1864 онд Красная поляна гэх газар тулалдан амь эрсэдсэн өвөг дээдсийнх нь булшин дээр цанын бааз байгуулахад черкесүүд ихээр дургүйцсэн юм.

Черкесүүдийн эсэр­гүүцлийн хөдөлгөөний удирдагч Ибрагим Яганов, “Красная полянад байсан бидний өвөг дээдсийн булшийг бульдозероор хөндөж устгасан. Үүнийг бид тэвчиж чадахгүй. Үүнийг бид болон бидний хойч үе хэзээ ч мартахгүй” гэсэн билээ. Кавказынханд цусан өшөө гэж эртнээс уламжлагдан ирсэн нэг зүйл бий. Иймээс ч Сочид террорист халдлага болох магадлал их байгаа юм.

Ер нь Сочигийн олимпийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр бичсээр ирсэн. Гэхдээ үүнд гайхах зүйл үгүй. Юу гэвэл, 2012 оны Лондоны олимпийн өмнө тус наадмын аюулгүй байдлыг хангах асуудал дээр бишгүй дутагдал буйг шүүмжилж байсан бол 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн тус хотын агаарын бохирдол болон хүний эрхийн асуудлыг ихээр хөндөж байсан билээ.

Сочид өвлийн олимп зохион байгуулах эрхийг олгох үеэс л шүүмжлэл эхэлсэн. Өвлийн бус бүсийн дэд бүтэц маш муу хотод цагаан олимп болно гэдэг угаасаа бүтэшгүй гээд л өрнөдийн хэвлэлүүд шуугих болсон юм. Оросын их Петр хаан намаг дунд Европ руу гарах цонх болсон Санкт-Петербургийг байгуулсны адил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин буюу их Владимир өөрийн сүр хүчээ харуулах гэж Сочигийн олимпийг зохион байгуулж байна гэсэн санаа бишгүй цацагдсан.

Жишээ нь, Францын “Le Monde” сонинд, “2014 оны хоёрдугаар сарын 7-нд Орост их Владимирийг хаанд өргөмжлөх ёслол болох нь. Олимпийн наадмыг ноён В.Путин өөрийн сүр хүчийг харуулах арга хэмжээ болгоно гэдэг тодорхой” гэж бичжээ. Тэгвэл Английн “The Daily Telegraph” сонинд, “КГБ-ийн тагнуулч асан, АНУ-ын “Forbes” сэтгүүлээс өнөө цагийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарсан Владимир Путин Сочигийн олимпийг өөрийгөө дөвийлгөх хамгийн том тайз болгоно” гэжээ.

Италийн “Politico” сонин, “14 жилийн өмнө тогтсон Оросын авторитар дэглэм өнгөрсөн хугацаанд улс орноо орчин үеийн өөртөө итгэлтэй баян чинээлэг гүрэн болсноо Сочигийн олимпийн үеэр дэлхий дахинд харуулах сайхан боломж олджээ” гэсэн байна. 

Үүнээс гадна Сочигийн олимпийн хэт нүсэр төсөв олон орны анхаарлыг татаж буй. Анх 12 тэрбум ам.долларт багтана гэж тооцоолж байсан олимпийн төсөв 50 тэрбум ам.долларыг хэдийнэ давсан учир арга ч үгүй. Өөрөөр хэл­бэл Сочигийн олимп бүх цаг үеийн хамгийн өндөр өртэгтэй нь болж байгаа юм. Сочигийн олимп Лондоныхоос даруй гурван дахин их зардалтай аж. Дээр нь энэ наадам өмнөх бүх цагаан олимпийн төсвөөс их өртөгтэй гэнэ.

АНУ-ын телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, Сочигийн олимпод зарцуулсан хөрөнгөөр Ангараг гариг руу 20 сансрын хөлөг явуулж болно гэж ёжолсон нь ч бий.

Түүнчлэн энэ олимпийн бүтээн бай­гуу­лалтыг хамгийн авилга ихтэйд тооцож байна. АНУ-ын “Vanity Fair” сэтгүүл энэ талаар бичихдээ, “Орост авилгагүйгээр ямар ч юм бүтдэггүй. Тэр тусмаа ийм томоохон түүхэн бүтээн байгуулалт. 50 тэрбум ам.долларын тал нь чухам авилгаар олигархуудын гарт орсон биз ээ. Үүнд гайхах зүйл алга” гэжээ.

Юутай ч өрнөдийн хэвлэлүүдийн ам амаа булаацалдан хэлж буй их Владимирийн их наадам эхлэх цаг нь болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ