Атрын ууган охин

2019-09-09

Б.СОЛОНГО

Монгол Улсад газар тариалан хөгжих эхлэлийг тавьсан анхны аян өрнөж, атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Угтаал, Баянцогт, Дархан, Хэрлэн зэрэг атрын сангийн аж ахуйд олон мянган залуус нэгдэн ажиллаж 246 мянга гаруй атар газар хагалж, 334 мянган га газарт тариалалт хийж 315 мянган тонн ургац хураан авч байсан тухай ахмад тариаланчид дурсан ярьсан байдаг.

1959 онд атрын анхны шанг татахаар нутаг нутгийн олон залуус сангийн аж ахуйг зорьсны дотор комбайнч Ж.Ишжамц, түүний хөл хүнд эхнэр Д.Эрдэнэ нар байв. Эрдэнэ бүсгүй Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин айлын охин. Сумандаа толгой цохих олон малтай айлан охин нэг л өдөр эгчийнхээ хамт аймгийн төв орчихоод “Би нийслэл хотод очиж барилга барина” гэсээр гэртээ ирж. Тухайн үед Улаанбаатар хотод бүтээн байгуулалт ид өрнөж, 40 мянгатыг барилгажуулах их ажилд орон нутгийн залуусыг дуудаж байжээ. Хотод ирээд барилгачин залуустай шижигнэтэл ажиллаж явахдаа орос хэлний зэгсэн мэдлэгтэй Ишжамцтай танилцаж гэр бүл болжээ. Жил гаруйхны дараа Атрын анхдугаар аян эхэлж, Ишжамц комбайнчийн курст сурч төгсөөд жирэмсэн эхнэр, том хүүгээ  хөтлөн Угтаалын сангийн аж ахуйд илгээлт өвөрлөн очсон нь тэр.

Атрын аяны анхны залуус Ж.Ишжамц, Д.Эрдэнэ нар охин Атаржаргалтайгаа.

Нөхөр нь төлөвлөгөөт нормоо давуулан биелүүлэхээр газар хагална. Харин Эрдэнэ гал тогоонд ажиллана. Удалгүй тэд охинтой болов. Улаан трактораар Угтаалын төрөх газар болох жижигхэн шавар байшинд ээжтэйгээ хамт хүргүүлэн хорвоод мэндэлсэн охинд сангийн аж ахуйн дарга атрын ууган охин мэндэллээ гэж билэгшээн Атаржаргал хэмээх нэр хайрлажээ. Угтаалын сангийн аж ахуйд очсон анхны залуус дотор хоёр эмэгтэй жирэмсэн байсан гэнэ. Нэг нь Эрдэнэ. Нөгөө нь сангийн аж ахуйн анхны дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Батчулууны эхнэр. Б.Батчулуун дарга атрын ууган охинд Атаржаргал хэмээх нэр хайрласан бол өөрийн хүүг Атарбаяр хэмээн нэрлэсэн тухай сонирхолтой түүх хуучлав.

Атрын аянаас гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэсэн олон хосын анхдагч болсон Ишжамц, Эрдэнэ нарын охин Атаржаргал атрын ууган охин болсон түүх энэ. “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн дугаарын зочин И.Атаржаргал өдгөө Улаанбаатарт амьдран сууж байна. Тэрээр Хань Ж.Ганболдтойгоо амьдран сууснаас хойш гурван охин, нэг хүүгийн ээж болж ач, зээ нар нь 11 болжээ.

Нийтлэлийн зочин маань хашаандаа төрөл бүрийн ногоо, жимс, мод бут тарьж ургуулдаг. Энэ ажил хөдөлмөрөөрөө өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн шилдэг өрх болж, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан бахархалтай. Газрын шимээс “ургасан” Атаржаргал охин ач, зээ нараа тэвэрч авсан хойноо эргээд газар тариалантайгаа холбогдоно чинээ зүүдлээ ч үгүй явжээ. Энэ хүртэлх зам харгуй нь ч үргэлж тэгш, шулуун биш энхэл донхол ихтэй явсан нь бусадтай л адил.

 

ГАЗРЫН ШИМТЭЙ ЭРГЭН ХОЛБОГДСОН НЬ

Жолооч Ж.Ганболд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нартай хамт

Орос хэлээр чамгүй мэдлэгтэй Ишжамцыг Москвад цахилгааны инженерийн мэргэжлээр сургахаар хуваарилан явуулсан боловч хүнд өвчний улмаас сургуулиа төгсгөж чадалгүй эргэн ирж эхнэрийнхээ төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт суурьшжээ. Атаржаргал охиныг аравдугаар ангиа төгсөх жил нь Б.Батчулуун даргаас захиа очсон байна. Тухайн үед Атрын хоёрдугаар аян эхэлчихсэн байсан цаг үе. Б.Батчулуун дарга атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэх их үйлст насан эцэслэтлээ зүтгэсэн бөгөөд Угтаалын сангийн аж ахуйн даргын албыг олон жил хашчээ. Б.Батчулуун дарга нэр хайрласан охиндоо бичсэн захиандаа “Сургуулиа төгсөөд Угтаалын сангийн аж ахуйдаа эргэн ирж ажиллаарай” гэж уриад тусалж, дэмжихээ илэрхийлсэн байжээ. Мөн нөгөө ангийнх нь хүүхдүүд бөөнөөрөө сангийн аж ахуйд ажиллах хүсэлтэй байгаагаа Цэдэнбал даргад захидлаар явуулж, илгээлтийн эздээр томилогдон явж байсан нь “Бал даргын хүүхдүүд” гэсэн нэртэйгээр түүхэнд мөнхөрч үлдсэн байдаг. Тэр үед үеийнхээ залуусыг дагаад явчихмаар санагддаг байсан. Гэвч аав нь бурхан болоод удаагүй, ээж нь амьдрал, ар гэрээ авч явж байсан тэр үед сангийн аж ахуйдаа эргэн очихыг хүссэн ч боломж гараагүй гэж тэрээр дурсан ярилв.

Түүний хань Ж.Ганболд гэж шалмаг хөдөлгөөнтэй, сэргэлэн байрын жолооч ах байна. 40 гаруй жил жолоо мушгисан тэрээр төрийн албанд насаараа үйлчилж яваа юм билээ. Ерөнхий сайд, Элчин сайдуудаас эхлээд орон нутагт ямар л төлөөлөгч очно Ганболд ах машинаа гялалзтал угаачихаад үйлчилнэ. Сансрын нисгэгч Гүррагчаа, Жанибеков нарыг Говь-Алтай аймагт зочлохоор очиход машиндаа суулгаж аваад аялж байсан, анхны автораллид оролцож тусгай байр эзэлж байсан тухайгаа сонирхуулан ярих дуртай аж.

Атаржаргал эгч аймагтаа оёдолчин хийж байгаад 1990 оны өмч хувьчлалын шуурганд цех нь хаагдаж, ажилгүй болжээ. Ид хийж бүтээх насандаа ажилгүй болж хэсэг хэцүү амьдраад 1997 онд олныг даган ээжийгээ дагуулаад нөхөр хүүхдийн хамтаар нийслэл хотод иржээ. Ханийнхаа цалингаас өөр орлогогүй хүндхэн он жилүүдийг даван туулахдаа хувиараа дээл, хувцас оёж амьдралдаа нэмэр болгосоор 2006 онд одоо амьдран сууж байгаа энэ хашаагаа худалдан авсан гэнэ. Сонирхол төсөөллөөрөө ганц нэг улиас, хайлаас суулгаж байсан нь өнөөдөр өндөр гэгч нь том мод болсон байлаа. Өөрийнх нь хэлснээр аз таарч 2014 онд тэдний гудамжинд “Монгол ногоо” төсөл хэрэгжин тэр хавийн 14 айл хамрагджээ. Тэтгэвэртээ гарчихаад хүүхдүүдийнхээ хоол ундыг хийж, гэр цэвэрлэх гэх мэт тулга тойрсон ажлаас илүү гарахгүй, өдөр хоногийг өнгөрөөж байсан Атаржаргал эгч шинэ хоббитой болсон нь энэ. “Монгол ногоо” төслийн хүрээнд гүний худаг гаргуулж аваад Бяцхандай, Оюунгэрэл багш нараараа заалгаж хашаандаа ногоо тарьж эхэлсэн байна. Эхний жилдээ төмс, байцаагаа ялгахаас илүүг чадахгүй, нөхөр, хүүхдүүд нь тус тусын ажилтай болохоор төдийлөн тусалж амжихгүй, ганцаараа газар хагалж, ногоо тарьж, арчилж ургуулна гэдэг хүндхэн ажил байжээ. Гэвч жил ирэх бүр өөрийн тарьсан ногооны амтыг мэдэрч, хөдөлмөрийнхөө үр шимийг өсгөж үржүүлсээр байгаа нь түүнийг үе үе өвддөг хөл, нуруу, тархи толгойны өвчнөөс нь бүрэн ангижруулсан байна. Эхний жилдээ төмс, байцаа төдийхөн 4-5 нэр төрлийн ногоо тарьдаг байсан бол одоо 21-22 төрлийн ногоо, жимс хашаанд нь ургаж байна.

Тэдний 11 ач, зээ нарын ес нь эрэгтэй юм байна. Бөөнөөрөө цуглахаараа сахилгагүйтнэ гэж туйлгүй аж. Анхандаа тарьсан цэцэг, ногоог нь тасдаж, гишгэчихээд болдоггүй байж. Тэдэндээ энэ бол амьтай, яг л чам шиг өвдөлт мэдэрдэг гэж байнга хэлсээр байгаад одоо услах гэж булаацалддаг, эмээ шигээ агрономич болно гэж ярьцгаадаг болж. Хүүхдүүд нь ч ээжийнхээ ажилд чадах чинээгээрээ тусалдаг гэж байв. Атаржаргал эгч нэг ширхэг өргөст хэмхийг ч сул хаях дургүй. Хурааж авсан ногоогоо бүгдийг нь төрөл бүрээр даршилж, ах дүү, найз нөхөд, хүүхдүүддээ өгдөг. Илүү гарсныг нь зарчихна. Шар хулууг үзэмтэй холиод хийчихсэн амтат чанамал, даршилсан чинжүү, шарсан байцаа гээд салахын аргагүй амттай зүйлс тэднийд олон байлаа.

 

АМЬ НЭГТЭЙ БОЛСОН 14 АЙЛ

Ж.Ганболдынх 2006 онд энэ хашаанд таван ханатай гэртэйгээ нүүж иржээ. Одоо гоёмсог цэцгийн мандалтай, ногооны талбайтай, өндөр мододтой, гурван хүлэмжтэй болчихоод хоёр дахь байшингаа барьж байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Баянхайрханы 82 дугаар гудамжны 14 айл нэгдэж нийлээд “Монгол ногоо” төсөлд хамрагджээ. Швейцарийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Атаржаргал эгчийнд гүний худгийг нь гаргаж өгөөд, бусад айл руу хоолойгоор усаа дамжуулдаг юм байна. Усны мөнгөө сар бүр айлуудаас хураан авч цахилгааны мөнгөө төлдөг аж. “Монгол ногоо” төслийн зохицуулагч н.Бяцхандай багш тэднийг байнга эргэж тойрч, заавар зааварчилгааг нь өгдөг байна. 14 айлын тарьсан монгол ногоо, бүтээгдэхүүнийг худалдаалах жижигхэн дэлгүүр гудамжных нь үзүүрт ажиллаж байна. Тэр хавийн айлуудаас гадна зорьж очиж үйлчлүүлдэг худалдан авагч олонтой гэсэн. “Өмнө нь бид амь амиа борлуулсан л хүмүүс байлаа. Тааралдахаараа энэ тэр хашааны өнөө хэн явж байна гэж бодохоос биш мэндэлнэ гэж байхгүй. Харин одоо бид амь нэгтэй болсон. Нэгдэж нийлж чадсан” гэж Атаржаргал эгч ярьсан юм. Төсөлд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь тэтгэврийн насных юм билээ. Тэд одоо монгол ногоогоо тарьж ургуулж борлуулах гээд ид завгүй ажиллацгааж байсан юм. Бас дундаа хамтын сантай. Сар бүр айл болгон тэндээ мөнгө хуримтлуулж, мөнгө хэрэг болсон нэгэндээ хүүгүй шахам зээл өгч, найр хурим, буяны ажил, төрийн шагнал авах, эмнэлэгт хэвтэх гээд нэгэндээ тулгарсан мөнгөний ажилд дундын сангаасаа гаргаад өгчихдөг гэнэ. Өнгөрсөн жилүүдэд өөрсдөө сурч мэдэх, турших их хөдөлмөрийн ард гарсан бол одоо бусдадаа зааж өгөх, туршлага хуваалцах хэмжээнд очсон гэдгээ ярьж байлаа.

И.Атаржаргал өнгөрсөн жил 1.5 тонн ургац хурааж дүүргийн шилдэг өрх болжээ. Тэр хашаандаа 22 төрлийн ногоо, жимс ургуулж байна.

Атаржаргал эгч өнгөрсөн жил энэ жижигхэн хашаанаасаа 1.5 тонн ургац хураажээ. Энэ амжилт нь дүүргийн шилдэг өрх болоход нь нөлөөлсөн аж. Мөн өнгөрсөн жилээс ногоогоо зарж олсон мөнгөө хуримтлуулсаар байгаад орон сууцны хуучин цонхнууд худалдаж аваад түүгээрээ шинэ хүлэмж барьсан байна. Удахгүй дуусах гэж байгаа шинэхэн байшингийн нь торх үзэмжтэй харагдана. Ийнхүү тэнд хамтарч зүтгэж чадсан олон айлын амьдрал цэцэглэж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна.

“Одоо хүн бүр байранд зүтгэж байхад бид хашаандаа сайхан амьдарч болохыг харуулж байна. Байранд амьдрах чухал биш эрүүл амьдрах нь л чухал. Манай том охин эмч мэргэжилтэй юм. Сургуулиа төгсөхөөр нь нутагтаа очиж ажилла гээд явуулчихсан. Эхэндээ хөдөө хөөлөө гэж их гомддог байсан. Харин одоо хотод ирэхгүй гээд байгаа шүү. Танай Улаанбаатар утаатай, түгжрэлтэй. Аймагт сайхан байна гээд ирэхгүй байна. Энэ төсөлд хамрагдсанаар мөн ч их юм олж авлаа даа. Мойл, үхрийн нүд гээд жимсээ хашаанаасаа түүгээд идчихэж байна.  Бөөр өвдвөл тэхийг шээгээ буцалгаад уучихна. Даралт ихэсвэл нохойн хошуугаа түүгээд идчихнэ. Жилийн хэрэгцээний бүх ногоогоо хашаанаасаа авч байна. Энэ бүхнийг худалдаж авбал их мөнгө болно. Сүүлдээ бүр хобби болчихлоо. Энд тэнд гоё цэцэг харахаараа тарьж үзмээр санагдана.  Нутгаасаа гараад удсан над шиг хүн эргээд энэ газар тариалантай холбогдоно гэж төсөөлсөнгүй. Одоо бол мөлхөөд ч хамаагүй ногоогоо тарина л гэж боддог. Хамгийн өөрийнхөөрөө, тайван, аз жаргалтай үе минь одоо л ирсэн юм шиг санагддаг” гэж Атаржаргал эгч ярина. Тариачин, ногоочин хүний хөдөлмөрийн амт шимтэнд хожуу ч гэсэн дурлаж, хийж чадсандаа тэрээр сэтгэл хангалуун байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.9  ДАВАА  №178  (6145)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ