Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулганд…

2019-09-06

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцож байна.  Тэрээр өчигдөр Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн юм.

Тэрээр “Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно” гэдгийг онцолсон байна.

 

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭТАЙ  УУЛЗАВ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай Владивосток хотноо  гурав дахь удаагаа уулзсан байна. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Шинзо Абэ Ерөнхийлөгчийн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.  Мөн хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм.

 

Н.МОДИ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Ерөнхий сайд Н.Моди эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй юм. Харин манай улсад 2015 онд айлчилж нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал зам баригдаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Цаашид манай улстай нефть болон эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, “ФЭСКО” ГРУППИЙН ХАМТАРСАН ТЭЗҮ БЭЛЭН БОЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай уулзлаа. Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар зургаан сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

 

2019.9.6  БААСАН  №177  (6144)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ