В.Путины айлчлалын хөтөлбөр

2019-09-03

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Түүний албан ёсны айлчлал өнөөдөр/2019.09.03/ эхлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр  13.00 цагт  Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа  ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж,  дурсгалын гэрэл зураг татуулах юм байна.

Мөн  Монгол, Оросын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт хийсний дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. Үүний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга  Г.Занданшатар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Түүний айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.

Айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ