Ганц бие, бэлэвсэн, салсан Ерөнхийлөгч нар

2014-01-29

Н.МӨНХЖИН

Франсуа Олланд нь тэргүүн хатагтайгүйгээр төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх Францын тав дахь Ерөнхийлөгч болж байна. Өмнөх төрийн тэргүүнүүдээс гоонь амьдралаараа хамгийн их алдаршсан нь Наполеон Бонапарт (1848-1852 онд Ерөнхийлөгч байгаад Францын хаанд өргөмжлөгдсөн) юм. Тэрээр бүр хойно Испанийн Гранада хотын уугуул бүсгүй Эухениа де Монтихотой гэрлэж байжээ. Наполеон олон жил гоонь явсны эцэст дээд эрх мэдэлд хүрч байсан аж. Наполеон гүнж Тебатай гэрлэсэн нь агуу байлдан дагуулагчийн нэр хүндээ баталгаажуулахад саад болж чадаагүй юм. Тэрээр Элисейн ордныг орхин гарч, хэдхэн алхмын зайд амьдардаг нууц амрагтайгаа уулздаг байсныг одоо үлгэр домог мэт ярьдаг. Одоогийн Ерөнхийлөгч Олланд ч аргагүй амраг Жюли Гайетайгаа Элисейн ордноос хэдхэн алхмын зайд болзож учирдаг байсан нь тодорхой болсон билээ.

Ерөнхийлөгч Гастон Домерг (1924-1931) сайд нарын сүүлчийн зөвлөлийн хурал хүр­тэл ганц бие явжээ.Протестант шашинтай гэр бүлд төрсөн Домерг католик шашинтан болохын тулд гэр бүл, удмын итгэл үнэмшлээсээ “буруулсан” Францын хоёр дахь төрийн тэргүүн болсон юм. Тэрээр хайр сэтгэл, амрагийн явдалд ихэд даруухан байснаараа Францын түүхэнд томоор бичигдэж чадаагүй аж.

1954-1959 онд Ерөнхийлөгч байсан Рене Коти Элисейн ордонд ирээд 11 сарын дараа бэлэвсэрчээ. Хайр сэтгэлийн явдалд “авъяасгүй” байсан тул бас л алдаршиж чадаагүй юм. Харин ч Францын их хямралын үед эдийн засагтай байлдсаар албаа дуусгасан байна.

Никола Саркози (2007-2012) Элисейн ордонд ирэхдээ хоёр дахь гэрлэлтээ бүтэн авч явах гэж ихэд зүдэрчээ. Тэр нь ч талаар болж гэргий Сесилиа Сиганье нь хэдхэн долоо хоногийн дараа түүнээс салжээ. “Сарко” 2008 оны хоёрдугаар сарын 2-нд Карла Брунитэй гэрлэхээсээ өмнө гоонь Ерөнхийлөгчийн амьдралаар хангалттай амьдарсан билээ. Саркози зургаан сар гоонь явахдаа нэгэн сэтгүүлч бүсгүйтэй хайр сэтгэлийн халуун романс өрнүүлээд амжжээ.

Одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүй Жюли Гайетэй хайр сэтгэлийн холбоотой байсан нь илэрч, тэргүүн хатагтай үүнд нь ихэд хилэгнэн цухалдаж бухимдсанаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Олланд Элисейн ордноос хэдхэн алхмын зайтан нэгэн байр руу царайлаг жүжигчин бүсгүйтэй орж, гарч байгааг нэгэн гэрэл зурагчин отолт хийж дурандаа буулгаснаар Ерөнхийлөгчийн амрагийн явдал илчлэгдсэн билээ. Бухимдсан тэргүүн хатагтай эмнэлгээс гарч ирэнгүүт Олланд харилцаагаа төгсгөл болгохоор шийдэж, эдүгээ гоонь статустай болоод байна. Эдүгээ францууд гоонь төрийн тэргүүн Франсуа Олланд хэзээ амьдралынхаа гурав дахь бүсгүй Жюли Гайег дагуулан олны өмнө гарах вэ хэмээн хүлээж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ