Ц.Ойдов: Түргэн муудах бүтээгдэхүүнийг стандартын дагуу тээвэрлэдэг компани монголд цөөхөн

2019-08-28

Ц.МЯГМАРБАЯР

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Стептрейд” компанийн захирал Ц.Ойдовыг урьж, ярилцлаа.

 

-1990 оны ганзагын наймаанаас бизнесийн гараагаа эхэлсэн олон залуучууд өнөөдөр компаниа байгуулж, амжилттай хөгжүүлсээр яваа. Тэдний нэг нь танайх. Орон нутгийн бизнесийн онцлог нь юу вэ?

-1990 оны дунд үеэс эхлэн  мөнгө олох ямар л арга байна, түүнийг эрэлхийлж янз бүрийн л бизнес хийж байсан. Арьс шир авах, ганзагын наймаа, хөдөө орон нутагт хийж болох бүхий л бизнесүүдийг оролддог байлаа.

Одоо бодоход дунд сургуулийн ширээнээс бизнес хийх санаагаа олсон байдаг. Эрдэнэт хотын хүнсний үйлдвэр зогсонги байдалд орж хүмүүс гэртээ гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарж борлуулдаг байсан. Тэднийг түүхий эдээр хангахын тулд томоохон гурилын үйлдвэрийн гэрээт борлуулагчаар ажиллах болсон. Ингэж явсаар өөрийн ажлын байр, агуулахтай болж  хүмүүсийг ажиллуулах болсон. Харилцагч нар маань ч өөрийн нэр хаягтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтдаа хөгжсөн. Тэд нарынхаа бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах ажлын байр, худалдаа үйлчилгээний төвтэй болох зэргээр ажил бизнес өргөжсөн. Орон нутагт бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйл бишгүй байдаг. Хүн ам, хэрэглэгчийн тоо цөөн байдаг нь бизнесийн өсөлт хөгжил удаашралтай байх гол шалтгаан болдог. Тэглээ гээд эхлүүлсэн бизнесээ орхиогүй.

-Компанийн үйл ажиллагаа хэдэн онд ямар бизнесээр эхлэв?

-2001 онд хүнсний худалдааны чиглэлээр  “Стептрейд” компаниа байгуулсан. Нэг үгээр хэлбэл, томоохон гурилын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг орон нутагтаа борлуулах гэрээт борлуулагч мөн  импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирэх зэргээр 2010 он хүртэл ажилласан.Манай компани аймгийнхаа шилдэг татвар төлөгчөөр олон удаа шалгарч байсан.  Ингээд 2014 оноос бизнесээ өргөжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн худалдааны шинэ төв барьж байгуулан ашиглалтад оруулж худалдаа үйлчилгээ эрхэлдэг 300 хүнийг ажлын байраар хангасан. Дунд үеийн бизнесийнхэн гэдэг. Зах зээлийн нийгэмд  дөнгөж шилжиж өмч хувьчлал явагдаж байх үед бидний ах нар чөлөөт эдийн засгийн зах зээлийг эхлүүлж байсан болохоор бид тэднээс суралцах, үлгэр дууриалал авах зүйл их байсан. Одоо ч тэднээс суралцаж хамтарч ажилласаар байна. Янз бүрийн түвшинд бизнес эрхэлж байсан болохоор багагүй туршлага хуримтлуулсан. Ижил төрлийн бизнес хийж буй тохиолдолд ямар нэгэн зүйлээрээ ялгарч, тууштай байх ёстой. Нөгөө талаар өрсөлдөгч нарынхаа орон зайтай уялдуулж бизнесээ удирдах хэрэгтэй болдог. Бизнес эрхлэгчдийн нэг давуу тал нь төр засгаас нэг их юм шаардаад байдаггүй. Өөрөө өөртөө ажлын байр бий болгоод зогсохгүй бусдыг ажлын байраар хангадаг. Хүн ажилтай орлоготой байхад л амьдралдаа сэтгэл хангалуун  байдаг. Ажлын байрыг олноор бий болгодог хүмүүс орон нутгийн дунд бизнес эрхлэгчид юм. Худалдааны төв барьж байгуулаад  түрээслэх үйл ажиллагаа явуулснаар олон хүний ажлын байрыг бий болгодог. Бэлэн байр ашиглуулаад түрээсийн мөнгө аваад сууж байгаа юм шиг харагддаг хэдий ч үгүй юм. Тэр олон хүний эрүүл мэнд, нийгмийн асуудал, үйл ажиллагааны зардал, тохижилт, үйлчилгээ гээд бүхий л зүйлийг компанийн удирдлагууд тэдний өмнө үүрэг хүлээж зохицуулж, хариуцдагаараа онцлогтой.

– Улаанбаатарт төвтэй том бизнесүүд орон нутагт хүрээгээ тэлж байна. Уламжлалт бизнес гэгддэг жижиг худалдаа эрхлэгчдийн орчин нөхцөл хэр байна вэ?

– Өмнө нь бид бизнесийг уламжлалт аргаар багцаалдаж явуулж ирсэн бол одоо цаг хугацаа өнгөрөх тусам илүү шинжлэх ухааны үндэстэй, нарийн тооцоо судалгаагүйгээр урагшлахгүй болсон. Сүүлийн жилүүдэд орон нутаг руу Улаанбаатарт төвтэй сүлжээ бизнесийн байгууллагууд салбараа нээж эхэлсэн нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэлтэй болсон. Үүнээс болж зах зээл, ажлын байраа алдах зэрэг нөхцөл байдал бий болсон. Ганцхан Орхон аймагт ч биш бусад бүх аймгуудад ийм байдал үүссэн. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан гэдгээрээ л өнөөдөр тэдэнтэй өрсөлдөх болчих гээд байна. Нэгэнт чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа болохоор дор бүрнээ хичээж ажиллах ёстой. Нэг үгээр зах зээлийн орон зай нэг нь нөгөөдөө шилжих мягтай болж байна. Нөгөө талаар тэднээс суралцахын зэрэгцээ сул талыг нь харж тэр орон зайд бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесээ шилжүүлэх замаар  хэрэглэгчиддээ ойртож, хүрч үйлчлэх хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Манай компанийн хувьд орон нутгийнхаа онцлогт тохируулж бизнесээ явуулдаг.

-Ард түмэн тогтсон зүйлдээ илүү дуртай байдаг. Энэ итгэлийг алдахгүй байхад бизнесээ яаж хамгаалж ирсэн бэ?

-Нийгмийн шилжилтын явцад  Эрдэнэт хотын гурил, хүнсний бүтээгдэхүүний том үйлдвэрүүд хаалгаа барьсан. Тэр үед хүмүүс гурилан бүтээгдэхүүнийг гэртээ хийдэг байсан. Түүхий эд болох гурилаар нь  манай компани хангадаг байв. Дараа нь 2000 оны үед тэд өөрсдийн гэсэн  үйлдвэрийн цех, байртай болсон. Жижиг дунд үйлдвэрлэл тэр үед хөгжсөн юм. Өөрөөр хэлбэл гурилын нийлүүлэлтийг дагаж тэдний жижиг бизнес хөгжсөн. Монгол орны хаа сайгүй л ийм байсан. Үүнийгээ дагаад ажлын байртай, орлоготой болж, 2010 он хүртэл жижиг дунд бизнесийнхэн илүү ахицтай байсан. Дараа нь зам харилцаа сайжрахын хэрээр Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүдийн тухайлбал, “Талх чихэр”,”Өгөөж” зэрэг компаниудын бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ нь олон жил гэрээсээ үйлдвэрлэлээ явуулж жижиг дунд бизнесээ тэтгэж байсан иргэдийн хувьд цохилт болж байсан. Хэдийгээр орон нутгийн хөгжлийн бодлогод орон нутгийнхаа жижиг дунд, бизнесийг дэмжинэ гэдэг ч зах зээлийн жамаараа явахаас аргагүй байсан. Хэрэглэгчид ч гэсэн  чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг  сонгох нь тодорхой. Эдгээр хүчин зүйлүүдээс болж орон нутгийн бизнес зогсох, сулрах хандлага үүссэн. Өнөөдөр манай аймагт нийтдээ 100 орчим аж ахуйн нэгж үйл  ажиллагаагаа явуулдаг. Манай аймгийн тухайд зах зээл нь Эрдэнэт үйлдвэрээс ихээхэн хамааралтай. Ажиллагсдын цалин ахуй хангамж, өрхийн орлого зэргээс  хамаарч бизнесийнхэний ашиг орлого, төрөл  шалтгаалж байдаг.

-Том хотуудад сүлжээ дэлгүүр олон харагддаг болсон байна. Тэр хэрээр бизнесийн өрсөлдөөн нэмэгддэг байх?

-Худалдаа үйлчилгээний чиглэлийн том сүлжээ бизнес Дархан Эрдэнэт гээд томоохон аймгуудад нээсэн.  Гэхдээ жам ёсоороо явж байгаа зах зээлийг хаах, зогсоох тухай ярьж болохгүй. Эвлэрч орон зайгаа авч явах шалгуур давдаг. Цаашид бид бизнесээ төрөлжүүлэх шаардлага үүсч байна уу гэж хардаг. Бүх зүйлийг хийдэг байж таарахгүй. Манай Эрдэнэтэд зах зээлд шилжсэн цагаас эхлээд гэр бүлийн бизнесээ хөгжүүлээд тогтворжчихсон олон бүтээлч хүн бий. Тэд маань орон нутгийн уламжлалт бизнесийнхээ өнгийг тодорхойлж явна. Олон газар орны хүн суурьшсан болохоор онцлог зүйл ихтэй. Орос зүүн европын орнуудын ард түмний ахуй соёл ч нэвтэрсэн ч гэж хэлж болно.

-Орон нутагт бие биеээ дэмжсэн бизнесийн тогтолцоог хамгаалах, зохицуулах  төрийн бодлого байх хэрэгтэй санагддаг?

Ер нь бизнесийн орчныг зохицуулах, хөгжүүлэх орон нутгийн болон засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Бизнес эрхлэгчид энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Манай аймгийн хамгийн том ажил олгогч ГОК буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК. Тэнд тогтмол 6000 гаруй хүн ажилладаг. Улсын төсвийн том бүрдүүлэгч юм. Энэ үйлдвэрийг дагаад түр ажлын байрууд, ханган нийлүүлэлтийн багагүй хэрэгцээ байдаг. Зөв зохицуулалт хийж чадвал жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хөгжүүлэх боломжууд байна. Гадаад орнуудын туршлагуудаас харахад бүсчлэл, татварын орчны зорицуулалт гээд олон зүйлийг дурдаж болно.Нөгөөтэйгүүр манай аймаг дэд бүтэц сайтай. Төмөр зам, авто зам гээд давуу тал олон байна. Мэдээж ийм газар зах зээлийн жамаар орж ирсэн бизнесийг хаах боломж байхгүй.Харин орон нутгийн компаниуд өрсөлдөгчтэйгээ зэрэгцэж  хөгжихийн  хэрээр санаа авах бизнесээ  сайжруулахад л анхаарах хэрэгтэй болж байна. Орон нутгийн онцлог, зах зээлээ илүү сайн мэддэг давуу талаа ашиглаж хэрэглэгчдэд ойртох орон зайг олж харах хэрэгтэй. Мөн  бусад барилгын, туслах бүтээгдэхүүний үйлдвэрүүд манайд хөрөнгө оруулалт хийж барилга байшин олноор барьж байгуулж буйд талархалтай ханддаг. Нөгөө талдаа орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ эдгээр том компаниудтай хамтын ажиллагаатай болгох туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр сонгох гээд бодлогоор хийх ажил их. Үүний нэгэн адил томоохон худалдааны төвүүд ч ялгаагүй  орон нутгийн жижиг худалдаа эрхлэгч нартай хамтран ашигтай хэлбэрээр ажиллаж тэдний ажлын байрыг хамгаалж өгөх хэрэгтэй санагддаг.

-Хөдөө орон нутагт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг эрсдэлгүй, стандартын дагуу тээвэрлэх, хадгалах, хамгаалах тал дээр асуудал байдаг. Энэ тухайд?

-Түргэн муудах бүтээгдэхүүнийг стандартын дагуу тээвэрлэдэг компани Монголд цөөхөн. Компаниуд өөрсдөө эрсдлээ үүрч тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтаа хийдэг. Стандартын дагуу тээвэрлэлт хийхэд эргэлтийн хөрөнгө хангалттай байхаас шалтгаална. Нөгөө талаар өөрийн эргэлтийн хөрөнгөтэй компани хөдөө орон нутагт цөөхөн. Бүгд банкны зээл төлнө. Дээр нь байрны урсгал зардал, цалин хөлс, татвар бусад гээд зарим тохиолдолд ашиггүй байх жишээтэй. Санхүүгийн өндөр зардал орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байдаг. Манай аймгийн нэг онцлог нь иргэний агаарын тээвэр, төмөр зам, хатуу хучилттай авто зам, орон сууцны хороололуудыг хамтад нь барьж байгуулсан байдаг. Цаг үетэйгээ харьцуулахад төмөр замын үйлчилгээ багагүй хоцрогдож байна. Энэ нь манай бизнесийнхний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэж ойлгож болно. Ойрын үед иргэний агаарын тээврийн үйлчилгээг ч сэргээх шаардлага үүсч байна. Газар нутгийн хэмжээ бага ч хүнсний ногоо, үр тарианы өндөр ургац авдаг. Цаашид малын тэжээлийн ургамал түлхүү тариалж эрчимжсэн мал аж ахуй хурдацтай хөгжүүлж болох сайхан боломж бий.

-Танай компанийн ирээдүйн зорилго. Орон нутагт гарааны бизнесийг хөгжүүлэхэд хэр дэмжлэг үзүүлдэг бол?

– Манай компани уламжлалт бизнесээ хадгалж орчин үеийн шинэ үйлчилгээ бизнесийг уялдуулж  зохицуулахын зэрэгцээ аль болох олон жижиг ажлын байрыг бий болгохыг зорьж байна. Компани маань сүүлийн жилүүдэд ажлын байр бий болгох, түрээслүүлэх чиглэлд түлхүү ажилласан. Цаашид бид орчин үеийн шаардлагад нийцсэн, худалдааг хөнгөвчилсөн орчин нөхцлийг бий болгохыг зорьж байна. Гарааны бизнесийг дэмжсэн төр засгийн бодлого тун ядмаг байна. Компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бизнестэйгээ уялдуулж үүнийг хийх ёстой. Энэ цаг үед амжилттай яваа бизнесүүд, ажил олгогч нар хэцүүхэн замыг туулсан. Мэдээлэл хурдацтай хөгжсөн одоо үед эзэн хичээвэл боломж маш их харагддаг.Нэг том супермаркет орж ирлээ гэхэд цөөн тооны хэдхэн ажлын байр л нэмэгдэх байх. Гэлээ гээд орон нутагт үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн тогтсон компани, худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагаа доголдох тухай ойлголт байхгүй.Бизнес хөгжлийн бас нэг хэлбэр нь старт апп буюу гарааны бизнес юм.Бизнесийн шинэ санааг дэмжүүлэх гарааны бизнесийг сонирхож буй  залуучууд манайд олон байна. Өнөөгийн бизнес эхлүүлж буй залуучуудын боломж бидний үеийнхээс тэс өөр. Мэдээлэлд тулгуурлан бизнес хийдэг болсон.

-Жижиг худалдаа эрхлэгчид, ялангуяа хүнсний худалдаачдад тээвэрлэлтийн явцад эрсдэл нэлээн үүсдэг гэж байсан?

-Улаанбаатарын ижил төрлийн бизнес эрхлэгчтэй орон нутгийнхныг харьцуулахад хамгийн хүнд тусч байгаа зүйл нь тээвэрлэлт юм. Уг нь хамгийн өртөг багатай нь төмөр замын тээвэр байдаг. Энэ жилийн тухайд Дарханы замын өргөтгөлтэй холбоотой зам харилцаа хүндрэлтэй байна. Түргэн муудах бүтээгдэхүүнийг стандартын дагуу тээвэрлэж байгаа нь тун ховор байна. Цаашид бид орон нутгийн хүнсний үйлдвэрээ хөгжүүлэх шаардлага үүсч байна. Түүнчлэн иргэний агаарын тээврийн үйлчилгээг зайлшгүй сэргээх шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.28  ЛХАГВА  №171  (6138)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ