Реппер Гинжин: “Тrap” сонсож эхэлсэн бол буцахад хэцүү жанр

2019-08-27

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа “Лойчихсон” бүлгийн реппер Гинжин буюу уран бүтээлч Г.Гарьдыг  урилаа. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Тайваньд болсон “GMAwards”-д эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус улсын хэвлэлүүд “Монголын хип хопын хөгжил өндөр түвшинд явааг реппер Гинжин харууллаа” хэмээн түүнийг бичжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас яриагаа эхэлье. Энэ зун ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Сүүлийн үеийн сонин гэвэл саяхан “Playtime” олон улсын хөгжмийн наадамд оролцсон. Мөн хип хоп сонирхогчдод зориулсан “Хип хоп агаартай парти” шоунд оролцлоо. Хип хоп хөгжим, үдэшлэгийг өргөн дэлгэрүүлэх зорилготой энэ  шоуг “100g” буюу “Hundred G” нэртэй шинэхэн байгууллага зохион байгуулсан. Японоос DJ ирсэн нь шоуны гол онцлог байв. Төлөвлөсөн олон ажлаас хамгийн чухал нь цомгийн бэлтгэл ажилдаа орох. Монголын хамгийн гоё улирал бол зун гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. Миний хувьд зундаа агаар салхинд гарч, амарч зугаалж амждаггүй. Шинэ уран бүтээл хийх  хүсэл минь зун их оргилдог гэх үү дээ. Ихэнх дуу маань үүрийн 4-5 цагийн үед бүтсэн байдаг юм.

-Саяхан гаргасан “Ganbei” дуу хит болж байна. Англи,Монголоор хослуулж дуулсан нь онцлог байлаа?

– Ganbei гэдэг нь хятадаар төлөө гэсэн үг боловч махчлан орчуулвал хуурай болтол нь гэсэн утгатай.  Нэг ёсондоо хундагаа хоосон болтол нь ууж, ёроолд нь үлдээхгүй байхыг гэж хэлж байгаа юм. Дэлхий дахинд тэр тусмаа Америкийн хип хоп хөгжимд энэ зун тиймэрхүү хэмнэл, өнгө аястай дуунууд хит болж байна. Тиймээс Монголдоо мөн адилхан дуу хийхийг эрмэлзсэн. Сайн дуу болсон гэж бодож байгаа. Англиар үглэх бол миний гол онцлог. Ер нь монголчууд дуундаа аль болох англи хэл  ашиглаасай гэж хүсдэг. Учир нь англиар үглэж байж гадны зах зээл рүү орох үүд хаалга нээгдэнэ. Гэхдээ мэдээж монгол өнгө аяс, хэв маягаа орхигдуулж болохгүй.

– Та хэзээнээс trap урсгалаар дуулж эхэлсэн бэ?

-Миний хамгийн анхны trap хөгжим бол “EZ Loc” нэртэй байхдаа 2009 онд хийсэн “Би” гэсэн дуу байдаг юм. “Trap”-ийг яг тийм гэж тодорхойлоход хэцүү жанр. Онцлог  нь дуулж байгаа зүйлдээ байдаг. Чи нэгэнт trap-ыг ойлгож сонсдог болсон л бол буцахад их хэцүү жанр.

-Зургадугаар сард Тайваньд болсон “GMAwards”-д оролцсон. Олон улсын уран бүтээлчид оролцдог том арга хэмжээ гэж сонссон?

–  Би Тайваньд аялал жуулчлал зочид буудлын менежментээр төгссөн. Тайвань бол сурч тэр тусмаа амьдрахад ээлтэй, нэрэндээ таарсан тайван улс. “GMAwards”-д анх удаагаа оролцсон. Монголоос оролцсон анхны уран бүтээлч нь би байсан байх. Тайвань улсын “Grammy Awards” гэж хэлэхэд буруудахгүй өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон. Тайванаас гадна олон улсын нэртэй дуучид, продюссер, лабел бичлэгийн компаниудын фестивал зохион байгуулагчдын төлөөллүүд оролцдогоороо давуу талтай.  Энэ фестивалд өөрийн ур чадвараа харуулж чадвал  олон орны уран бүтээлчидтэй танилцаж цаашид тэдэнтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ. Тухайлбал, Тайванийн реппер  YZ-тэй хоёр жилийн өмнө хамтарч дуу хийсэн. Гэхдээ  клипийг нь хийж амжаагүй байсан юм. Сая “GMAwards”-д очихдоо  бичлэгээ хийчихсэн. Удахгүй цацагдана. Энэ клип Америкийн billboard, Азийн hypebeast гэсэн онлайн сэтгүүл дээр гардаг. Мөн Dough boy-той хамтарч ажиллаад эхэлсэн. Ер нь YZ, Doughboy хоёроос гадна олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийхээр ярилцсан.

-Улаан хивсний ёслолд нь дээл өмссөн байсан. Мөн “Arasso” дуун дээр?

-Дээл бол  монголчууд үеийн үед өмсч байх ёстой нандин өв соёлын нэг. Өөр улсын арга хэмжээн дээр жинсэн өмд эсвэл  албаны хослолтой оролцвол  тийм ч сонин биш байх болов уу. Тиймээс үндэсний хувцас дээлээ өмсөхөөр шийдсэн юм.

-Тайваний сайтад “Монголын хип хопын хөгжил өндөр түвшинд явааг реппер Гинжин харууллаа” гэсэн байна. Ер нь Монголын хип хоп дэлхийн хэмжээнд хүрэх эхлэлээ тавьчихсан уу?

– Би өөрийн хэр хэмжээ, чадлаараа хип хопыг дэлхийн хэмжээнд хүргэх гэж хичээж явна. Өнөөдрийн хувьд бид хөгжим, чанар, оюуны хувьд ч дэлхийн бусад орноос хоцрогдолтой хэвээр байна. Гэхдээ удахгүй тэдэнтэй мөр зэрэгцээд уралдаад гараад ирэх байх гэж найдаж байгаа. Эхлээд сонсогчид шинийг эрэлхийлж, шинэ зүйл сонсож сурах буюу хөгжих хэрэгтэй байна. Сонсогчид хөгжихгүй бол уран бүтээлчид шинийг эрэлхийлж шинэлэг дуу хийхэд хэцүү шүү дээ.

-2007 оноос хип хоп-д нэгдсэн. Анх ямар хамтлагийн дуунуудыг сонсож энэ урлагт хөл тавьсан талаар дурсвал?

-Би багаасаа “Lumino” хамтлагийн фэн байлаа. Мэдээж “Ice Top”, “Digital”, “Хоёр хүү”, “Дайн ба энх” гэсэн  хамтлагийг сонсдог байсан. “Lumino” надад энэ хөгжмийг хийхэд их нөлөө үзүүлсэн. Хэнээс ч ичиж зовохгүй хараат бусаар хүссэнээ хэлдэгт хип хопын сайхан чанар оршдог. Мөн асар их золиос гаргаж энэ хөгжимд бүх амьдралаа зориулж байгаа хүн бүрийг би хүндэлдэг.

– “Лойчихсон” бүлгийнхэн сүүлийн үед их эрчтэй явж байна. Байгуулагдаад 10 жил болчихлоо. Сонин ихтэй байгаа болов уу?

-Бид 2009 онд албан ёсоор “Лойчихсон” хэмээх дуугаа клипжүүлж байсан.  Тэр үеэс хойш “Лойчихсон” нэртэй бүлэг болохоор шийдсэн юм. Түүнээс өмнө A.M.C гэдэг нэртэй байлаа. Бид crew эсвэл хамтлаг гэхээсээ илүү найзуудын холбоотой байдаг учраас шинэ хүн нэмэгдэх, хасагдах асуудал гараад байдаггүй. Энэ сарын 10-нд FLA анхны цомгийн нээлтээ хийсэн. Маш гоё болсон. Энэ жил FLA маш шаргуу хөдөлмөрлөсний үр шимээ хүртэх шиг боллоо.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?

– Өөрийн гэсэн зоогийн газартай, хувцасны компанитай болох гэсэн олон мөрөөдөл бий. Бүгдийг нь биелүүлэхийн төлөө зүтгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.27  МЯГМАР  №170  (6137)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ