Нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан алга

2019-08-27

Б.НАМУУНТАМИР

Жил бүр наймдугаар сарын 20-оос их, дээд сургуулиуд хөл ихтэй байдаг. Учир нь өдийд их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь аль нэг их, дээд сургуульд элсэж чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж суудаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан сонирхсон мэргэжил, нэмэлт элсэлт, сургалтын төлбөрийг нь асуугаад хэдэн өдөр явдаг. Жилийн жилд ийм байдалтай байсан билээ. Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураг харагдаж байна. Улсдаа томоохонд тооцогддог төрийн өмчит их дээд сургууль МУИС, ШУТИС жилдээ шинээр 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил хоёр мянга гаруй оюутан элсүүлжээ.

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Энэ жил 10 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгч төрийн өмчит АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон сургуулиудад төгсөгчид нь орчихно.

Өмнө жил 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган  хүүхэд элссэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн нь хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болсон аж. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Дээд Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн О.Янжмаа “Нэмэлт элсэлтийг сургуулиуд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэгчид маш цөөн байгаа учраас дахин нэмэлт элсэлтийг сургуулиуд хийж байна. Заавал  төрийн болон, хувийн хэвшлийн гэж ялгаагүйгээр бүх сургууль нэмэлт элсэлт авах боломжтой. Мөн мэргэжлээ сонгоогүй, гадаадад сургуульд сурч байсан, шилжилт хөдөлгөөн зэргээс хамаараад нэмэлт элсэлтэд шалгуур хангасан хүүхдүүд хамрагдах боломжтой” гэв.

 

ТАВАН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

 

Дээд боловсролын сургалтын 94 байгууллагаас 86 нь Улаанбаатар хотод, найм нь хөдөө орон нутагт байдаг.

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоог хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар  буурсан байна. Энэ нь зарим их дээд сургууль татан буугдсантай холбоотой аж. Мөн энэ жил таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг БСШУСЯ-наас цуцалжээ.

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг зарим хүмүүс хэлж байв. Хувийн хэвшлийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөж 50 хувьд  хүргэж байгаа аж. “Этүгэн” “Сити”, “Улаанбаатар”, “Газарчин”,”Хүмүүнлэг” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа хүүхэд ховор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.  Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байв. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан бол өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” гэдгийг онцолж байлаа.

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд зэрэгцээд яригдаж байгаа. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариуг өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.6 -3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ.

Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг тэд хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.27  МЯГМАР  №170  (6137)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ