Монголын оюуны спортынхон олон улсын тэмцээнд дахиад аваргалав

2019-08-26

Б.ТУУЛ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод энэ сарын 23-25-нд болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын тамирчид багийн нийлбэр дүнгээр аварга боллоо хэмээн Монголын Оюун ухааны академиас мэдээлэв. Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртжээ. Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун ухааны академи, “Denk Pharma Mongolia” компанийн тамирчин, Олон улсын Их Мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их Мастер Б.Лхагвадорж шалгарлаа. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарав. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт шалгарав. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбараням “Images” төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Олон улсын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртэв. Дашрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонгконг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ