Украин хаачих вэ?

2014-01-27

Б.БАРС

Сүүлийн хэдэн сар дэл­хий нийтийн анхаарал Украины нийслэл Киевийн төвд болж буй үйл явдалд хандаж буй. Ев­ропын холбоонд нэгдэх нь одоогоор боломжгүй гэж тус улсын удирдлага мэ­дэгд­сэний дараа үүнийг эсэргүүцсэн сөрөг хүч­нийхэн олон арван мян­ган дэмжигчдийнхээ хамт гудамжинд жагсах болсон.

Сүрт жагсаал олон хоногийн турш үргэлжилж Киев хотын төвийн төдийгүй тус улсын хэвийн амьдралыг бусниулсаар л. Энэ бүхний эцэст Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Засгийн газрын тэргүүнээр сөрөг хүчний “Батькившина” намын удирдагч Арсений Яценюкийг томилох санал гаргасан.

Гэвч Арсений Яценюк энэ саналд эерэг хариу өгөөгүй бөгөөд үүнийхээ шалтгааныг ингэж тайлбарлажээ.

“Бид эх оронд минь юу болж буйг сайн мэдэж байгаа. Украин үндсэндээ дампуурлын ирмэгт тулжээ. Одоогийн эрх баригчид гурван жил хагасын дотор л улсын сан хөмрөгийг хоослон төрийн бүх үйл ажиллагааг замбараагүй байдалд хүргэсэн. Ийм ч учир тэд болчимгүй үйл хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүйн тулд биднийг улс орноо удирд гэлээ. Нэг зүйлийг хэлэхэд, хэрэв бид саналыг хүлээж авахгүй бол тэд биднийг улс орноо Европын зүг тэмүүлэх үйл явцаас ухраалаа гэж сүржин мэдэгдэх нь дамжиггүй. Харин саналыг хүлээж авбал биднийг эрх мэдэлд шунасан өөдгүй этгээдүүд гэж ард түмэнд ойлгуулах биз.

Иймд сөрөг хүчний гурван нам хоорондоо маш нягт ажиллан цаашид хэрхэхээ хэлэлцэж байна. Ямар ч байсан “Батькившина” нам дангаараа шийдвэр гаргахгүй. Иймд намайг Ерөнхий сайд болох эсэхийг сөрөг хүчнийхэн хамтдаа шийднэ.

Ард түмэндээ нэг зүйлийг л амлая. Бид Виктор Януковичийн хүссэнээр явахгүй. Гэхдээ бид улс орныхоо хувь заяаны талаар хариуцлага хүлээхээс хэзээ ч зугтахгүй. Гэхдээ бид эрх баригчдын бус өөрсдийнхөө шийдвэрээр Украиныг залуурдахыг хүсч байна.”

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн бямба гаригт сөрөг хүчний удирдагчидтай уулзахдаа Арсений Яценюкийг Ерөнхий сайд болон “УДАР” намын тэргүүн, мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличког хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогч болохыг зөвшөөрвөл одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь тараахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.

Үүнээс гадна Виктор Янукович сөрөг хүчнийхний хүчээр эзлэн авсан Украин даяарх бүх шатны захиргааны барилгыг суллаж өгвөл эсэргүүцлийн цуглааны үеэр саатуулагдсан улс төрийн бүх хоригдлыг суллахаа амласан юм.

Ер нь ойрын хэдэн өдөр эдийн засаг төдийгүй улс төрийн гүн хямралд ороод буй өрнөд Европ болон Оросын дунд оршдог стратегийн чухал ач холбогдолтой Украин аль зүгт тэмүүлэх нь тодорхой болох биз ээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ