Денис Денисов: Майданы эсрэг хүч хэрэглэхгүй бол иргэний дайн гарч магадгүй

2014-01-24

Н.МӨНХЖИН

Майдан буюу Киевийн Тусгаар тогтнолын талбай дээрх жагсаал, мөргөлдөөн ширүүссээр байна. Эдүгээ тэнд хуягт техник харагдах болов. Өчигдөр жагсагчид, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алджээ. ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн Украин дахь салбарын захирал Денис Денисов Украин дахь үйл явдлын цаашдын өрнөлийг ийнхүү таамаглаж байна.

Сүүлийн үед Майданд юу болоод байна вэ. Хууль, хүчнийхэн жагсагчдад ширүүн хандаж магадгүй болж байх шиг байна. Цагдаа, хүчнийхэн цааш­даа яаж ажиллах бол?

-Сүүлийн өдрүүдийн өрнөлийг харахад энэ нь аль хэдийнэ тайван жагсаал биш болсон нь харагдлаа. Майдан дээр байгаа тусгай хүчнийхнээс дутуугүй бэлтгэгдсэн хүмүүс энэ жагсаалд оролцож байна. Бараг мэргэжлийн дайчид гэж хэлж болохоор хүмүүс цагдаа, цэргүүдийг сөрөн зогсож байна. Эрх баригчид ч, хууль хүчний байгууллагууд ч энэ байдлаас гарах аргаа олохгүй байна. Болзошгүй иргэний дайн, иргэний мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд хамгийн хатуу, ширүүн аргаар үзэх хэрэгтэй болж байх шиг. “Халуун голомт” үүсэхээс таслан сэргийлэх нь чухал болж байна.

Украины сөрөг хүчний лидерүүд иргэд, жагсагчдыг удирдаж, хянаж чадахгүй байна шүү дээ. Сөрөг хүчнийхний уриа дуудлага, мэдэгдлийг тоож байгаа хүн алга. Жагсагчдыг олигархуудынх ч юм уу, эсвэл гадаадын ямар нэг байгууллагад хамаатай үл үзэгдэх гар удирдаад байх шиг байна. Жагсаж, эсэргүүцэж байгаа хүмүүс үүнийг мэдэж байгаа ч юм алга.

Цаашдаа юу болох бол. Таны таамгийг сонсмоор байна?

-Украины эрх баригчид хүч хэрэглэх үү, үгүй юу гэдгээс бүх зүйл хамаарах болчихоод байна. Майданд үргэлжилсээр байгаа энэ ужгирсан үйл явцыг зогсоохын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Заримдаг, туйлбаргүй байдлаар юуг ч шийдэх боломжгүй болсон. Заримдаг байдлаар яваад байвал нөхцөл байдал улам л хурцадна. Энэ байдлыг одоо зогсоохгүй бол бүх юм хяналтаас гарна. Тэгээд юу болдог билээ дээ, тэдэн хүн хохирлоо, золиос боллоо гэж яригдах болно. Нөхцөл байдал хяналтаас гарах гээд байна шүү дээ. Үүнийг зогсоох болсон.

Нэг хувилбар байна. Тэр нь Украин болон Киевийн иргэдийн эсрэг нэг удаа хүч хэрэглэх. Тэдэнд нэг удаа сүрийг үзүүлбэл бүх юм тайван болох магадлалтай. Бусад бүс нутагт хамаагүй тайван, амгалан байгаа. Ер нь бол Киевийн ганц талбай дээр л хамаг үйл явдал өрнөөд байна шүү дээ. Эмх журмыг мэдрүүлэхгүй бол үйл явдал хамгийн муу өрнөл рүүгээ орж магадгүй байна. Одоо талбай дээр жагсч, цагдаа нарыг дайрч, зодож байгаа хүмүүсийн гарт хэн нэг нь галт зэвсэг атгуулбал иргэний дайны эхний үе шат эхлэх нь ойлгомжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ