Япон улс асрамж үйлчилгээний цогц хуультай

2019-08-20

 

ЖАЙКА олон улсын байгууллага Япон улсын бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулъя.

 

Япон улсад 2017 оны байдлаар нийт хүн амын тоонд өндөр настай иргэд (65-аас дээш насны иргэд)-ийн эзлэх хувь 27.7 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь өндөр настай иргэн болж, хөгшрөлтийн нийгэмтэй нүүр тулж байна. Цаашид ч төрөлт буурч, хүн амын хөгшрөлт эрчимтэйгээр явагдаж, Япон улсын төрөлт огцом өссөн онд төрсөн иргэд (1947-1949 онд төрсөн иргэд) 75 болон түүнээс дээш настай болох 2025 онд эмнэлгийн болон сувилал, тусламж үйлчилгээний хэрэгцээ огцом нэмэгдэх төлөвтэй байна.

Мэдээж хөгшрөлтийн байдал бүс орон нутгаас хамааран харилцан адилгүй байдаг. Цаашид Токио хот болон томоохон хотуудад өндөр настай иргэдийн тоо эрчимтэйгээр өсөх хандлагатай байна. Харин  эсрэгээрээ хөдөө орон нутгийн хувьд одоогийн байдлаар өндөр настай иргэдийн тоо их байгаа ч цаашид хөдөө орон нутагт амьдрах хүний тоо багасахын хэрээр өндөр настай иргэдийн тоо буурч, эмнэлгийн болон сувилал, тусламж үйлчилгээний хэрэгцээ мөн адил багасах хандлагатай байгаа юм. Тиймээс бүс орон нутгийн онцлог, цаашдын өөрчлөлтийг харгалзан үзэж эрүүл мэндийн бодлого боловсруулж, зохицуулалт хийх шаардлагатай. Япон улс энэхүү нийгмийн өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар бүхий үр дүнтэй эмнэлэг үйлчилгээний хангамжийн тогтолцоог бий болгох үүднээс 2014 оны зургадугаар сард “Эмнэлгийн болон асрамжийн тусламж үйлчилгээг дэмжих цогц хууль”-ийг батлан, бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын тогтолцооны талаар тусгаж өгсөн байдаг.

Энэ тогтолцоо нь 300 гаруй бүс нутгийн хүрээнд 2025 он гэхэд шаардлагатай болох эмнэлгийн орны тоог нарийвчлан тооцоолон гаргаж, тухайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохицуулан хуваарилах тогтолцоо юм. Эмнэлгийн орны тоог тооцоолон гаргахдаа хэрэгцээгээр нь дөрвөн төрөлд хуваан нарийвчлан тооцоолж гаргана.

Үүний маш хүнд үе шат болон хүнд үе шатны эмчилгээ гэдэг нь өвчин эмгэг, бэртэл гэмтлийн анхан шатны үеийн эмчилгээг хэлэх бөгөөд, яаралтай мэс засал, эрчимт эмчилгээний тасаг дахь эмчилгээ зэрэг багтдаг. Сэргээн эмчлэх үе шатны эмчилгээнд өвчний хүнд үеийг давсан өвчтөн болон бие махбодийн үйл ажиллагаа муудаж буй өндөр настай иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх эмчилгээ зэрэг багтана. Харин архаг үе шатны эмчилгээ гэдэг нь маш хүнд сэтгэцийн эмгэгтэй иргэд болон эдгэрэхэд хэцүү өвчтэй иргэдэд үзүүлэх эмчилгээг хэлнэ. Япон улс хөгшрөлт нэмэгдэж, өвчин эмгэгтэй болон бие махбодийн үйл ажиллагаа муудсан өндөр настай иргэдийн тоо огцом өсөх хандлагатай байгаа тул сэргээн эмчлэх үе шатны эмчилгээний салбарт илүү анхаарч ажиллах шаардлагатай болж байгаа юм.

Бүс нутгийн нөхцөл байдалтай уялдуулан асуудал болон хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх үүднээс “Бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний үзэл баримтлалын зохицуулалтын хурал”-ыг зохион байгуулж орон нутгийн төлөөллүүдтэй санал солилцдог. Мөн энэхүү тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эмнэлгийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, аймаг, хотуудын засаг захиргааны оролцоо ч маш чухал юм. Тиймээс аймаг, дүүргийн засаг дарга нарт дараах эрх үүргийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Засаг дарга, улсын харьяа эмнэлгийн байгууллагад эмчилгээний төрлийг тусгаж эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх зааварчилгаа, үүрэг өгөх эрхтэй. Улсын харъяа эмнэлэгээс гадна хувийн эмнэлэгт мөн адил хориг тавих хүсэлт гаргаж болно.

Япон улс одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн хүн амын өсөлт, нийгмийн онцлогт тулгуурлан зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ