Г.Энхбаяр: Дөрвөн жилийн хугацаанд нөхрийнхөө царайг таван удаа л харсан

2019-08-19

С.УЯНГА

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн талаарх  шүүх хурал Төв аймагт өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяртай ярилцсанаа хүргэе.

Өмгөөлөгчтэйгээ уулзаж хурлын талаар тодорхой мэдээлэл авч байгаа байх. Шүүх хурлын явц ямар байгаа бол?

-Өмгөөлөгчтэйгээ уулзаж байгаа. Гэхдээ одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл алга. Бидний зүгээс өмнөх шүүх хурлууд болон одоогийн хурлын явцыг анхааралтай ажиглаж байгаа.

-Та бүхний зүгээс нэлээд олуулаа ирсэн харагдсан?

-Ах, дүү хамаатан садангууд гээд Орхоноос нэлээд олуулаа ирсэн. Шүүх хурлын хоёр дахь өдөр ихэнх нь буцсан. Хадам ээж бид хоёр үлдээд бусад ах, дүү нар хоёр машинаараа нутаг буцсан. Бидний хувьд шүүх хурлыг дуустал хүлээж үнэн зөв шийдвэрийг нь сонсоно.

Миний нөхрийг гэнэт авч явснаас хойш дөрвөн жил гаруй боллоо. Тэр үед ээжийнхээ гэдсэнд байсан хүүхэд минь одоо дөрвөн нас хүрч, нэгдүгээр байсан охин маань тавдугаар ангид орж байна. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн хүмүүст нүд үзүүрлэгдэж үгээр илэрхийлж боломгүй зовлон зүдгүүрийг туулсан ч нөхөртөө итгэх итгэлээ алдаагүй. Бусдад алуурчны эхнэр гэж дуудуулж, хүүхдүүд маань сургуулиасаа гаръя гэж өдөр бүр гуйдаг байсан. Хүүхдүүдээ зодуулаад хамарнаас нь цус гараад орж ирэхэд зугтчихмаар санагддаг юм билээ. Сүүлдээ цөхөрсөн. Одоо бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт л итгэж байна. Өөр найдах зүйл үлдсэнгүй. Гэмт хэрэгтний үгээр гэмгүй нөхрийг маань ялласанд итгэж чаддаггүй. Энэ удаагийн шүүх хурлаар үнэн зөв нь тогтоогдож нөхрийг авч явахаар ирсэн. Хүүхдүүддээ аавыг нь аваад очино гэсэн зорилготой ирсэн.

-Нөхөртэйгээ уулзсан уу. Ер нь хоригдсоноос нь хойш хэр ойрхон уулзаж байсан бэ?  

-461-р ангийн эмнэлэгт хэвтэж байхад нь долоо хоногийн өмнө уулзсан. Хоригдсоноос нь хойш их цөөхөн уулзсан. Тэр болгон уулзаад байх боломжгүй. 461-т байхад нь гурав, Тахир соёотод байхад нь хоёр удаа очсон. Эргэлтээр очлоо гэхэд чихэр жимснээс эхлээд бүх зүйлийг нарийн шалгаж дотогш нь оруулдаг байсан. Голдуу боорцог л оруулна, өөр зүйл оруулахгүй. Нөхөр маань хоригдоод дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд царайг нь таван удаа л харсан. Уулзахаар дандаа хүүхдүүдээ асууна. Манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн тэр хар өдрөөс хойш аль хэдийнэ дөрвөн жил өнгөрч энэ хугацаанд төсөөлшгүй хүнд байлаа.  Би тэр үед жирэмсэн үлдэж байсан. Таксинд суухад хүртэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтний эхнэр нь явж байна гэж нүд үзүүрлэж алуурчны авгай гэж чичилдэг байсан. Хүүхдүүд маань гадуурхагдсанаасаа болж хичээлдээ явахгүй гээд багштай нь хүртэл уулзаж байж хичээлд нь явуулж байсан. Өсвөр насны хүүхдүүд их хэцүү шүү дээ. Эмзэглээд янз бүрийн зүйл бодох вий гэж айж арга эвийг нь олох гээд явж байна. Тэглээ гээд тэр бүх зовлонг одоо тоочоод яахав. Угаасаа хүмүүс ойлгохгүй дээ. Ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болж өнгөрүүлж байна. Эргээд сайхан элэг бүтэн амьдрах цаг ирнэ гэдэгт итгэдэг. Одоо бол миний нөхрийг хэлмэгдэж байгааг олон нийт ойлгосон байх.

-Та одоо ямар ажил хийж байна вэ. Энэ явдлаас өмнө гэр бүлээрээ бизнес эрхэлдэг байсан гэсэн?

Бид хоёр барааны зах дээр суудаг байсан. Уг нь хувиараа юм хийе гэж бодсон ч хүүхдүүд маань жаахан өвчин ороогоод гэртээ л байна даа.

2015 онд жорлон орж бие засаад ирье гэж гараад л нөхөр минь сураггүй болсон. Аавындаа орчихсон юм болов уу гээд тэр хавиар нэг хайсан. Гэтэл хажуу дэлгүүрийн эгч баг зүүсэн хүмүүс нөхрийг чинь аваад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа шүүхээр хайж байж сарын дараа хаана байгааг нь мэдсэн. Тагнуулын мөрдөгч нь Бархасбадь “Санаа зоволтгүй. Айж цочирдов. Нөхөр чинь удахгүй ирнэ” гэсэн. Арай ч ийм дээрээ тулна гэж төсөөлөөгүй.

-Тухайн үед танай гэрээс нэгжлэг хийхдээ зарим эд зүйлсийг хураасан гэдэг?

– Нөхрийг маань 2015 оны наймдугаар сарын 31-нд бариад явсан. Баривчилсан өдрийнхөө үдээс хойш гэрт нэгжлэг хийж хамаг эд зүйлс бусниулсан. Намайг ч гэрт оруулаагүй. Гэрт байсан альбомтой зураг, гар утаснуудыг хурааж авсан. Гурван ширхэг утас хураасан. Тэрэн дотор  бичлэг байсан. Нийт гурван утас хурааж авснаас хоёрыг нь л буцааж өгсөн.

Нөхөр маань хүн алах нь битгий хэл хорхой явж байхад хүртэл гаргаад тавьчихдаг зөөлөн сэтгэлтэй хүн. Хэрэг хийсэнд нь итгэхгүй байна. Хэзээ ч итгэхгүй. Гэр бүлийнхэндээ ямар нэг муухай ааш зан гаргаж байгаагүй.

Монголын шүүх гэртээ зүгээр байсан хүнийг хэл сураггүй авч яваад ийм байдалд оруулж байгаад үнэхээр гайхаж байна. Ийм зүйл байж болохгүй. Хууль хяналтынхан шударга шийдвэр гаргавал нөхөр маань суллагдах болно.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ