Аварга Э.Оюунболд наадмын комисст гомдол гаргажээ

2019-08-18

С.САРУУЛ

Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг журамтай. Харин энэ жил 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн гэх мэдээллийг МҮБХ-ноос өгсөн.“Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг МҮБХ-ноос  энэ жилийн улсын наадмын түрүү бөх аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл улсын аварга Э.Оюунболд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийгээд байгаа юм. Тэрээр “ Би 14 наснаасаа хойш Б.Бат-Эрдэнэ аварга багшийнхаа шавь болоод явж байна. Аварга багш маань надад “Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй” гэж захидаг. Би допинг хэрэглэж үзээгүй ээ, миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Допингийн шинжилгээний хариуг таван байгууллагын төлөөлөл задлах ёстой байтал нэг, хоёр хүн задалсан. Тэгээд бөхчүүдээр шинжилгээний хариуг авсан тухай шууд видео бичлэг хийлгээд, над руу дайрч эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Би хууль хяналтын байгууллагын хараа хяналтын дор гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна.
Би ДНК-гийн шинжилгээ өгмөөр байна.Бөхчүүдийн дунд нутаг усаараа хуваагдах байдал хэтэрч байна. Бид чинь бүгд Монгол Улсын иргэд, нэг л монголчууд.
Наадмын өмнө над руу нэг бус удаа дайрч байсан. “Чамайг түрүүлсэн ч, түрүүлээгүй ч чамаас допингийн бодис илрүүлнэ” гэж хэлж байсан. “1.3 тэрбум төгрөг бэлдсэн байгаа, энэ наадмаар Оюунболд түрүүлэх нь тодорхой болсон” гэж миний нэр хүндэд халдсан. Энэ үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Би өөрийгөө өмгөөлөх гээгүй, Монголын үндэсний бөх, өв соёлоо хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлье” гэсэн.

Тэгвэл улсын аварга Э.Оюунболд Баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргажээ. Гомдолд “Сүүлийн өдрүүдэд хориотой бодис илэрсэн гэж миний нэр хүндэд халдах байдал хэрээс хэтэрч байна. Тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг. Допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Сэргээш хэрэглэсэн гэж нэр төрд халдсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж ДНК-ийн шинжилгээ өгнө” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ