Шахмал түлшний картыг айл бүрт үнэгүй тараана

2019-08-18

Б.НАМУУНТАМИР

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.  Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, агаарын бохирдол 30-50 хувь буурна хэмээн үзэж  Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллах аж. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз дундын хангамжийн төв гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд  нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх аж. Иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцрх бөгөөд дууссан тохиолдолд “Таван толгой түлш” компанид хандан эрхээ сэргээлгэх юм байна. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй, мөн  “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана гэдгийг “Таван толгой түлш” компанийнхан онцлон хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ