Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Б.Хурцын шүүх хурлын эргэн тойронд…

2019-08-15

Т.САЙХАН

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэднийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж байгаа. Шүүх хуралд шүүгдэгч, гэрч, хохирогч, өмгөөлөгчид гэсэн 49 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа бөгөөд энэ үеэр иргэний нийгмийн байгууллагууд шүүх хурлыг шударга явуулахыг шаардаж тайван жагсаал зохион байгуулж байна.

Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон  болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцож байгаа юм. УИХ-ын Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзэж татгалзсан.

Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Шүүх хурал 2019.08.12-ны өдөр эхэлж өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч, хохирогч нарыг асуугаад, одоо гэрч нараас мэдүүлэг авч байна.  Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна” гэлээ.
Мөн өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн” гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ